Буцах замын шороочид

Монгол хэлний хэлц үгийн санд “Буруу замаар будаа тээвэл буцах замдаа шороо тээнэ” гэж бий. Хүүхэд байхад аав, ээж хамгийн ихээр сануулдаг үг байж билээ. Хичээлээ хийхгүй, амар хялбар аргаар сайн дүн авахыг хүсч хуулахыг оролдвол, эсвэл худлаа хэлвэл энэ үг чихний хонх.

Хэдий жижигхэн зүйлийн анхааруулга хэдий ч ирээдүйн амьдралын хамгийн том философи байсан нь эдүгээ илүү тод харагдах.

Амьдралд тэгтлээ их яарч, нийгмийн нэг эд эс болон хийж бүтээж улс эх орондоо хэрэгтэй хүн болохыг хүссэн хүүхэд насны мөрөөдөл өнөөдөр хоёр тэнгэр газрын ялгаатай ажээ. Өнөөдөр гараа ч хөдөлгөхгүй худал ярьж, амар хялбараар асуудлаа шийдүүлж, ажлаа хийж байгаа нь улаан гараараа хөдөлмөрлөж байгаагаас хавь олон, хавь илүү. Ийм хүрээ улам тэлэгдэх янзтай.

Ганцхан жишээ. Сүүлийн үед олны анхааралд хамгийн их өртөөд байгаа АСЕМ-д зарцуулсан хөрөнгийн тухай. Дэлхийн улс гүрнүүдийн удирдагчдыг Монголдоо урьж дэлхийн хөгжлийг хэлэлцэж, улс орноо дэлхийн тавцанд гаргах том боломж гэж санаачлагч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөс эхлээд хүн бүр цохон тэмдэглэж байлаа. Нээрээ ч тийм. Монгол улс хөгжил буурай ч хөгжихийн төлөө тэмцэх ёстой. Хөгжсөн орнуудтай зэрэгцэн алхахын төлөө зоригтой алхмуудыг хийх ёстой. Хөрсөн нэхий, хөдсөн гудастай гэгддэг монголчууд соёл иргэншилтэй хөл нийлүүлэн алхаж явааг, улсынхаа хөгжлийг нуруундаа үүрч яваа улс төрчид, бүтээн байгуулагчдын нөр их хөдөлмөр, тэдний ирээдүй хойч болсон залуу үеийнхэн эх орноо хөгжүүлэх улам илүү эрч хүчтэйгээр бэлтгэгдэж байгааг дэлхий хараасай гэж битүүхэн хүссэн монголчууд бага биш байсан нь гарцаагүй.

АСЕМ амжилттай болсон. Дэлхий Монголыг харсан. Харин өнөөдөр бид үр дүнгээ ярилцаад суух байв. Хөрөнгө оруулалт хэрхэн нэмэгдэв, ашигтай гэрээ хэлэлцээр хэчнээнийг үзэглэв, Монголыг зорих жуулчид хэдээр нэмэгдэв, дараагийн том том арга хэмжээ, уулзалтуудыг энэ жишгээр хэрхэн зохиох вэ гээд л…Харин өнөөдөр хулгай яриад сууж байна. Аавынхаа хөлсөө дуслуулж ажиллаад авсан цалингий нь хүүхдүүд нь авдраасаа хулгайлаад идчихсэн хэргийг пүү, паа болон нэгэндээ хачир нэмэн дуулгаж байна.

Автомашины сэлбэг зардаг компаниас 3.5 сая төгрөгөөр хүнсний ногоо худалдаж авсан… нэг хүнд 1.1 литр арх, 25 литр пиво, 9.6 литр ундаа ноогдсон хүлээн авалтууд…мод суулгахад зөвхөн хүрз, хайч бэлтгэхэд 76.8 сая төгрөг зарцуулсан тайлан…250 ширхэг авто машиныг гаалийн татвараас чөлөөлсөн…тус бүр нь 11 сая төгрөгийн үнэтэй 15 сүүдрэвч…АСЕМ-д төсөвлөсөн мөнгөнөөс 507.3 сая төгрөгийг зориулалтын бус арга хэмжээнд зарцуулсан Гадаад хэргийн сайд…Олон улсын тусламжийн байгууллагаас ирүүлсэн 20.4 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хүлээж авсан эзэн холбогдогч тодорхойгүй…гэх мэт итгэмээргүй, үнэмшихээргүй “үр дүн”-г монголчууд хэлэлцэж байна.

Монгол Улсын нийт орлогын 80 гаруй хувийг татварын орлого бүрдүүлдэг. Та, би, таны эгч, ах, аав, ээж, хамаатан, найз нөхөд бүгд татвар төлөгчид. Хөдөлмөрлөж олсон орлогынхоо харамсмаар хувийг “Эх орныхоо хөгжилд…” гээд шууд татуулчихдаг. Харин түүнийг нь дээрхийн маягаар хэсэгхэн хүмүүс идчихэж. Гэрээ хэлэлцээргүй, гарын үсэггүй, зориулалтын бус байдлаар бидний татварын мөнгө хэсэг хүмүүсийн халаас руу ингээд л урсчихаж.

АСЕМ-д зарцуулсан зардлаас 290 тэрбум төгрөгийн зарцуулалттай холбоотой зөрчил гарсныг Аудитын ерөнхий газраас мэдэгдлээ. Энэ нь бүхэл бүтэн нэг салбарын нэг жилийн санхүүжилт. Нэг салбарыг бүтэн жилээр үйл ажиллагааг нь зогсоож байгаад хэсэгхэн хүмүүсийг тэжээчихэж.

Монголын хөрөнгө ийм маягаар л үрэн таран болж байгааг ойлгоход бэрх биш аж. Яагаад гэвэл манайд бүтээн байгуулалт, шинэ санаачлага нэг ч хэрэгжээгүй. Тэгсэн хэрнээ ажилгүйдэл, ядуурал нэмэгдсэн статистиктай.

Үнэндээ ийм байдлыг бий болгосон, бусдаас давуу байдал олгосон, хариуцлага хяналтаа тавьж чадаагүй нь АСЕМ зохион байгуулагчид. Төрийн хяналтгүй, хариуцлагагүй байдлыг ашиглаад зөвхөн өнөөдрийн хоолоо бодогсод ч бас хөөрхийлөлтэй. Гэр улсынхаа түрийвчнээс хулгай хийгээд өнөөдөр цатгалан хонох ч маргааш, ирээдүйд хүүхэд нь, түүний үр хүүхэд хоосон, ядууралтай нийгэмд амьдарна.

Буруу замаар будаа тээвэл буцах замдаа шороо тээнэ ээ гэдэг дээ. Өнөөдрийн будаа тээж болно, маргааш шороо тээгээд л ирнэ. Монгол улам ядуурна, доройтно, сүйрнэ.

Ийм л дүр зураг тодоос тод харагдаж байна. Уг нь дор бүрнээ ухамсартай, шударгаар ажиллаад амьдарч бас болно шүү дээ. Ядаж л үхэхэд санаа тэнэгэр, үлдэх үр хүүхдэдээ санаа зовнихгүй…

Эх сурвалж: news1.mn

SHARE