МАН-ынхан УИХ-ыг хаалттай хуралдуулж нэг гишүүнийхээ банкийг дахин хөрөнгөжүүлэхээр шийдлээ

 

УИХ Арилжааны банкуудыг дахин хөрөнгөжүүлэх хуулийн төслийг хаалттай байдлаар хэлэлцэж байгаа. Энэ хуулийг Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан арилжааны банкуудыг хариуцлагажуулах маш ач холбогдолтой хууль хэмээн дүгнэж байна.

Тэрээр “…Таван банкин дээр өөрийн хөрөнгийн дутагдал гарсан.Өөрөөр хэлбэл, хадгаламж эзэмшигчид буюу харилцагчдын мөнгийг тодорхой хэмжээгээр дутаасан гэсэн үг. Нийт 511 тэрбум төгрөгийн дутагдал гарсан. Тиймээс энэ таван банкинд энэ оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор дутагдаж байгаа өөрийн хөрөнгөө гүйцээ гэдэг даалгавар өгсөн. Өөрийн хөрөнгөө гүйцээх олон арга зам бий. Тухайлбал, гаднаас хөрөнгө оруулалт олж ирэх, хувьцааныхаа тодорхой хэсгийг зараад хувьцаа эзэмшигчдийнхээ тоог нэмэх, чанаргүй зээлээ буцааж төлүүлэх гэх мэт  маш олон арга зам байгаа. Манай банкууд ерөнхийдөө ажилдаа орчихлоо. Монголын банкны салбарын нийт актив 28 их наяд төгрөг. Үүнтэй харьцуулахад 511 тэрбум төгрөг их мөнгө биш. Манай банкууд энэ ондоо багтаад дутагдаж байгаа өөрийн хөрөнгөө нөхөж гүйцээх байх гэж найдаж байна. Нөхөж гүйцээхгүй бол Банкны тухай хуулиар тухайн банкуудад албадлагын арга хэмжээнүүдийг авч эхэлнэ. Тодруулбал, банкны бүрэн эрхт төлөөлөгч томилоод зургаан сарын хугацаатай төлөвлөгөө гаргаад тухайн банкийг аврах үйл аижллагаа явуулна. Нэг үгээр хэлбэл, одоо банкийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид банкны удирдлагаа Монголбанканд алдана гэсэн үг. Аврах үйл ажиллагаа явуулаад өөрийн хөрөнгийг нэмэгдүүлж чадахгүй бол банкийг дампууруулах хүртэл арга хэмжээ авах эрх Монголбанканд байгаа. Үүнийг манай банкууд бүгд ойлгочихсон учраас хөрөнгө, мөнгөний эрэлд маш эрчтэй явж байна. Банкийг дахин санхүүжүүлэх хууль нь системийн ач холбогдолтой банкинд зориулсан хууль. Системийн ач холбогдолтой банк гэдэг нь том банкуудаа хэлж байгаа юм. Нийт банкны салбарын активийн таван хувиас дээш хөрөнгө мөнгийг эзэмшиж байгаа банкуудыг системийн ач холбогдолтой банк гэж нэрлэж байгаа юм. Хэрвээ системийн ач холбогдолтой банк дампуурвал манай хадгаламж эзэмшигчдийн мөнгө, харилцагчдын мөнгө байхгүй болно. Мөн санхүүгийн тогтвортой байдал Монгол орон даяар алдагдана. Нэг банк дампуурахад л түүнийг дагаад бүгд ганхах учраас бид том банкуудаа хамгаалах ёстой гэж үзэж байгаа. Тиймээс Банкийг дахин хөрөнгөжүүлэх хуулиар банкны хувьцаа эзэмшигчдэд маш том анхааруулга өгч байгаа.Хэрвээ дутагдаж байгаа өөрийн хөрөнгийг Монголбанкнаас заасан хугацаанд нөхөж чадахгүй бол төр хөрөнгө оруулалт хийж дахин хөрөнгөжүүлээд банкийг чинь төрийн мэдэлд авна гэсэн үг” гэж тайлбарлаж байгаа.

Мөн тэрээр энэ оны эхээр үйл ажиллагаа нь хүндэрсэн хоёр банк байгаа гэж байсан. Тэгвэл төрөөс дэмжлэг автлаа дор орж, дампуурахдаа тулсан нэг банкных нь нэр өнөөдөр /2018.6.11./ тодорхой боллоо.

МАН-ынхан өнөөдөр УИХ дахь Бүлгийнхээ хурлаар энэ асуудлыг хэлэлцсэн байна. Ингээд тухайн банкийг дахин хөрөнгөжүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Мөн энэ асуудлыг шийдэх УИХ-ын хуралдаануудыг хаалттай горимоор хийхээр шийдсэн байна.

Дашрамд дурдахад дампуурах шахаад төрөөс “амь тариа” авах гэж байгаа  энэхүү банкны эзэмшигч нь УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн юм байна. Ингэхээр МАН-ынхан чуулганыг хаалттай хуралдуулж нэг гишүүнийхээ банкийг дахин хөрөнгөжүүлэхээр шийдлээ гэсэн үг.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE