Хятадад барих хадагтай ембүү чинь Монгол Улс болчихов уу, Ерөнхийлөгч өө!

Улстөрч хүнд хамгийн түрүүнд эх оронч сэтгэл хэрэгтэй. Дараа нь мэдрэмж, харризм энэ тэр нь чухал байх. Сүүлийн хэд хоногт Монголд нэгэн таагүй явдал газар авч байна. Тэр бол Монгол Улсыг ШХАБ-д элсүүлэх Ерөнхийлөгч Х.Баттулгын санал юм.

Энийг нь Засгийн газар буюу У.Хүрэлсүх дэмжээд харайлгаж явна. Ингээд ирэхээр маш аюултай болоод ирж байгаа юм. Яг үнэндээ Монгол Улс ШХАБ-д элсэх шаардлагагүй юм. Ингэвэл юу болохыг уг нь хаана хаанаа мэдэж байгаа юм. Монгол Улсын тусгаар тогтнолд аюул учирна. Энэ бол монголчуудынхаа тархийг угаалгах гэж “ШХАБ хэрэгтэй” гэж өдөр бүр телевиз радиогоор ухуулж суугаа дипломатч, улстөрч нэртэй нөхдийн яриад байгаа эдийн засгийн ач холбогдол буюу өнөөдрийн жаахан зээл тусламжаас огт өөр зүйл юм.

Эрх баригч намынхан энэ асуудлаас болж дотроо сүрхий толхилцсон байна. Хаалттай чуулганаар энэ талаар ярихад МАН-ын ганц нэг гишүүн “эрүүл” өнцгөөр байр суурь илэрхийлжээ. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил хоёр Ерөнхийлөгчийн саналыг эсэргүүцэж бодитой эрсдэлийг сануулсан байна. Гэхдээ кнопоо нэгтгэсэн олноо дийлж гарах эсэх нь бүрхэг. Явж явж Монголын тусгаар тогтнол шүү дээ. Энэ аюултай үг. Ер нь бол Монгол Улс ШХАБ-д байсан бол 2017 онд Х.Баттулга Ерөнхийлөгч болохгүй байсан юм.

Энэ бол баттай эд. Нөгөөтэйгүүр нэг хачин юм ажиглагдаад байна. АТГ-ын даргаар хэнийг томилох вэ гэж ард түмнээсээ асууж суусан Ерөнхийлөгч өнөөр ШХАБ-д элсэх асуудлыг шулуухан шийдэхийг хүсээд байгаа нь юуных вэ. Хэд хоногийн дараа Ерөнхийлөгч Х.Баттулга Хятадад айлчилна. Манайдаа л Трамп, Ким хоёр шиг уулзалт болно гэж биднийгээ онгироогоод л байгаа.

Си Жинпинь юу гэж үзэж байгаа юм, бүү мэд. Харин энэ бүхний цаана өчүүхэн сэдэл байх вий гэсэн хардлага нийгэмд төрөөд эхэлсэн байна. Хэдэн жилийн өмнө Си Жинпинийг Монголд айлчлах үед одоогийг Ерөнхийлөгч маань Энхтайваны гүүрэн дээр зөрөөд гүйж явлаа. Энэ хүн тэр үед Ерөнхийлөгч байгаагүй л дээ. Гэхдээ тэгж гүйсэн, түүнээс хойш баримталсан бодлого, илэрхийлсэн байр сууриа “нам дарах”-аар ШХАБ-д элсэнэ гээд хадагт боосон ембүү шиг улсаа бариад очлоо гэлцэж байна.

Үнэн эсэхийг мэдэхгүй юм. Гэхдээ ШХАБ-д элсэнэ гэхэд монголчууд дургүй байна, Ерөнхийлөгч өө!

Эх сурвалж: news1.mn Д.БАТ-ОЧИР 

SHARE