Төсөвт зардлын үнэлгээ хийдэг системийг Монголд нэвтрүүлнэ

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, Ч.Улаан нар Нидерландын засгийн газрын төлөөлөгч, Сангийн яамны ажилтан Тьерд ТимХайшБакер нартай уулзлаа.

Төсөвт зардлын үнэлгээ хийдэг Нидерландын системийг үндэслэн Европын холбооноос улс орнуудад төсөл хэрэгжүүлдэг байна. Энэ удаад манай улсад нэвтрүүлэхээр Сангийн яамтай хамтран ажиллаж эхэлжээ.

Үүний хүрээнд Сангийн яамны төсөв боловсруулахад оролцдог ажилтнуудад сургалт явуулж байгаа юм байна. Улмаар энэхүү сургалтаа улам өргөжүүлж төсөл болгон хэрэгжүүлэх зорилготой байна.

Харин Б.Чойжилсүрэн “Уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт, бууралтаас шалтгаалж эдийн засаг нь бүхэлдээ савлагаатай байдаг Монгол улсын онцлог, Засгийн газрын мөрийн хөтөлбөр зэргийг нэг бүрчлэн судалсны үндсэн дээр төслийг хэрэгжүүлэх нь үр дүнтэй” гэжээ.

Ингээд уулзалтын төгсгөлд төсвийн зардалд үнэлгээ хийдэг Нидерландын системийг Монголд нутагшуулах төслийг хэрэгжүүлэхэд санал нэгджээ.

Төсөвт зардлын үнэлгээ гэдэг нь ирээдүйд бий болгох хөрөнгийн эх үүсвэрийг оновчтой төлөвлөж, хуримтлал үүсгэн үр өгөөжийг нэмэгдүүлэх, эрсдэл учирвал хөрөнгөө хэрхэн зарцуулах зэргийг тооцон бодлогын тэргүүлэх чиглэлтэйгээ уялдуулдаг санхүүгийн аргачлал юм.

SHARE