МАН-ын бүлэг ШХАБ-д элсэх талаар хаалттай хэлэлцэж нанчилдах шахав

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2018.6.4/ хаалттай хуралдлаа. Тэд Монгол Улсыг ШХАБ-д элсүүлэх Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцсэн байна.

Засгийн газар ч Ерөнхийлөгчийн энэ саналыг дэмжиж байгаагаа өмнө нь илэрхийлсэн.

Тэгвэл УИХ-ын зарим гишүүн энэ асуудалд эсрэг байр суурь хэлж, явсаар ширүүхэн маргаан болж хувирчээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Л.Оюун-Эрдэнэ нар Ерөнхийлөгчийн санал, Засгийн газар түүнийг дэмжсэнийг шүүмжилсэн байна.

Тэд үүний наана эдийн засаг яригдаж байгаа боловч цаана нь Монгол Улсын тусгаар тогтнолын бүрэн бүтэн байдал явж байгаа гэдгийг тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл, 1915 оны Хиагтын гэрээтэй яг адилхан гэж ойлгож болох аж.

Сэтгүүлчийн олж авсан мэдээлэл энэ. Дашрамд хэлэхэд эрх баригч намынхан ийм чухал асуудлыг хаалттай хэлэлцэж байгаа нь зөв үү. Хуульд нийцсэн, зөв гэлээ ч тэд чухам хэн нь юу ярьж, ямар байр суурьтай байгааг ард түмэн мэдэх эрхтэй.

Тиймээс энэ мэт хуралдааны протоколыг нийтэд ил болгох хэрэгтэй юм.

Эх сурвалж: Aguulga.mn

SHARE