Дэлхийд байхгүй кайф

Монгол маань сайхан хөгжиж байна. Найзаасаа, ангийнхнаасаа, хажуу айлаасаа, хамар хашааныхнаасаа, тэр бүү хэл дэлхийгээс дутахгүй амьдрах гэсэн сайхан хүсэл, гэнэн цагаахан атаархалтай амьдардаг улс. Тийм болохоор хөгжөөд л байна. Фейсбүүк хэрэглэдэггүй монгол хүн алга. Солонгос кино үздэггүй монгол ч ховор.

Бас аль болох брэнд өмсөж олны нүдэн дээр алхах дуртай. Бүгд ингэдэг болохоор бүгдээрээ л ингэх дуртай. Гэхдээ манай монголчуудын нэг л зүйл нь дэлхийгээс гажаад давхичихсан. Тэр бол бидний монголчуудын кайф авдаг зүйл юм. Кайф гэдэг бол сэтгэл ханамж, таашаал гэсэн үг. Бидний монголчуудын энэхүү кайфыг мэдэх юм бол оросууд, хятадууд, солонгосчууд, америкчууд, ер нь дэлхий гайхна.

Тэгэхээр бид дэлхий гайхаж, бүр аймаар кайфтай улс болж таараад байна. Энэ үнэний ортой байж мэднэ. Учир нь монголчууд бид хаварт ямаа, зунд хонь, өвөлд адуу үхэр нядалж машид ханамжтайгаар иддэг.

Бас бид далайн хар шуурга, галт уулын дэлбэрэлтээс болж олон хүний амь сүйдлээ гэхэд “Ёох, бид энд амьдарч байгаа нь ямар азтай вэ” гэж ирээд баясна. Хамгийн аймаар нь С.Баярыг, Ч.Сайханбилэгийг, С.Баярцогтыг баривчлахад баярлаад байна.

Д.Сугарыг Цэцийн гишүүнээс буусан чинь УИХ-ын гишүүдэд талархаад байна.

 2016 оны сонгуулиар АН унаж, 2017 онд М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдахад КАЙФ АВАГСАД маш их “хашгиралдсан” юм.

 За тэгээд хажуу айлын бизнес шатжээ, хамар хашааныхан хоорондоо зодолджээ гэх зэрэг жижиг сажиг КАЙФ-д манайхан дэндүү дуртай. Даанч энэ нь ДЭЛХИЙД БАЙХГҮЙ КАЙФ билээ.

SHARE