Гудамжны яллагч

Монгол уг нь эрхзүйт төртэй, бүрэн эрхэт, тусгаар тогтносон улс.

Гэвчиг сүүлийн жилүүдэд Монголд хуульт ёс оршин байгаа эсэхэд эргэлзмээр үйл явдлууд бөөн бөөнөөрөө гарах болов.

Үүний ганцхан жишээг энд хэлье. Энэ бол ГУДАМЖНЫ ЯЛЛАГЧийн тухай юм. Энэ нь нэгэнт хууль номын дагуу зохион байгуулж, улсаас төсөв хөрөнгө гарган ажиллуулдаг хууль, хяналтын байгууллагуудын өмнөөс элдэв дүгнэлт гаргаж түүнийгээ олон нийтэд шууд өөрөө, эсвэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан зарладаг хүмүүсийг хэлж байгаа юм.

Үр дүнд нь объект буюу нэр цохуулсан этгээдийн нэр хүнд унаж, карьерыг шууд унагана. Иймээс ингэж дүгнэлт гаргаж, мэдээлэл цацдаг хүмүүсийг ГУДАМЖНЫ ЯЛЛАГЧ гэх нь зүйд нийцнэ. Учир нь тэдний хэлсэн, ярьсныг гудамжинд л “шүүдэг” юм.

Гудамжны яллагч нарын тэргүүн эгнээнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, О.Баасанхүү нарыг шууд нэрлэж болно. УИХ-ын гишүүн чуулганы танхимд хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй гэдэг. Гэвч тэдний бусдыг ийм маягаар “яллах” нь хэрээс хэтэрсэн тул эхнээсээ шүүхэд дуудагдаад байгаа. Дараа нь АТГ-ын ОНЗ-ийн дарга Г.Баасан, Иргэдийн шударга шүүхийн Х.Бат-Ялалт нарын хүмүүс энэ жагсаалтыг үргэлжлүүлнэ.

Эдгээр ЯЛЛАГЧДЫН араас олон залуу, жижиг ЯЛЛАГЧИД төрж байгааг хэлэх хэрэгтэй. Яллагчдыг ялгах амархан. Яллагчид ярьж, шүүмжилж байгаа сэдвээрээ хэзээ ч тогтолцоо, гаргалгаа ярьдаггүй. Зөвхөн тухайлсан хүн, компани л ярьдаг.

Тэр тэгсэн байж магадгүй, болзошгүй гэх мэтээр бидний мэддэгээр 1930-аад оноос олширсон До яамны мэдээлэгч маягийн ажиллагаа хийнэ. Хамгийг гол нь ГУДАМЖНЫ ЯЛЛАГЧ нар маш зоригтой, нарийн учир начир мэдэхгүй хүнд бол өөрийнх нь төлөө АМИА ӨГӨХӨӨС Ч БУЦАХГҮЙ мэт харагдана. Харамсалтай нь ГУДАМЖНЫ ЯЛЛАГЧийн эзэн нь төрийн нэг институцийн дарга, нөлөө бүхий улстөрч, эсвэл улс төрийн томоохон хүчин байдаг юм.

Эх сурвалж: news1.mn Д.Бат-Очир

SHARE