Олдоод өлдөхийн зовлон

МАН 2016 оны сонгуулиар УИХ-д 65 суудалтай болж, өөрсдөө ч зүүдлээгүй ялалтыг байгуулсан.

Ингээд төр, засгийн эрхийг авч, ажиллаж эхлээд хоёр жил боллоо. Сонгуульт хугацааных нь тал өнгөрөв.

Шуудхан хэлэхэд, МАН-ын нэр хүнд тийм ч сайнгүй байгаа нь судалгаа бүрээр л гарч ирж байна. Заримыг нь ч нуудаг шиг байгаа юм

Гэлээ гээд түмний нүдэнд ил байгаа юмыг яалтай.

Даарин дээр давс… Ядахад яр …. гэгчээр шинээр сонгогдсон зарим гишүүн ёстой холиож байна.

Байнгын хороо, чуулган, олон нийтийн арга хэмжээн дээр согтуу очиж, бохь зажилж, боов идэж, жаазтай зурагаа бэлэглэж холионо.

Сүүлийн үед дээрх мэт нь юу ч биш болж байх шиг байна.

УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдаанаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” болон “Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө” олгох тухай” УИХ-ын тогтоолын нэгтгэсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирын хэлсэн үг олны дургүйцлийг төрүүлж орхисон юм. Эмэгтэйчүүд эхчүүдийг эгдүүцэл өнөөдөр ч хэвээрээ байна.

Л.Элдэв-Очир “…Хүүхдийн мөнгөний тухай анх удаа үг хэлэх гэж байна. Хэлэхгүй бол болохгүй юмнууд байх шиг байна. Нэгдүгээрт, би ямар ч байсан хүүхдүүддээ хайртай гэдгээ хэлмээр байна. Хоёрдугаарт, бид ингэж хэрүүлийн алим болгож бие биетэйгээ дайтахаа болимоор байна. Дахиж энэ хэрүүлийн алим дээр муудалцахаа ялангуяа манай 65 больё оо.

Ер нь аливаа улсыг авлига, халамж гэсэн зөөлөн бодлогоор дампууруулдаг. Авлига монголд хэрээс хэтэрсэн. Ганц хоёр хүнийг бариад авчихсан. Хэргийг нь илрүүлж чадахгүй, дараагийн хүмүүсийг нь барьж чаддаггүй. Авлига бол бүх шатандаа хэрээс хэтэрсэн.

Дараа нь нийгмийн халамжийн бодлого. Өнөөдөр таван хүүхэдтэй айлын аав, ээж ажил хийе гэж хүсэхээ байчихлаа. Нээлттэй ажлын байрны зар маш их байна. Улаанбаатар хотод 3500 хүний нээлттэй ажлын байр байна. Ирээд ажилд ордог хүн байхгүй. Зорьж ирчихээд, зориуд унадаг. Яагаад гэхээр таван хүүхэд 100 мянган төгрөгөөр сардаа амьдарчихна. Тийм байхад хар бор ажил хийж ингэж амьдрах хэрэг юу байна гэж боддог, ярьдаг болсон.

Цалингаа голоод сууж байгаа эмч, сувилагч нар 3, 500 мянган төгрөгийн цалин авч байхын оронд энэ хүүхдийн мөнгөөрөө амьдраад, энэ улс орон цаашдаа яахыг харъя гэсэн  ийм сэтгэлгээ, бодолтой болчихсон. Ажил хийх хүн байхгүй болсон. Нийгмийн халамжийн бодлого хавтгайрч байна.

Би хүүхдэд 20 мянга биш 100 мянга олгоё гэж ярьж чадна шүү дээ. Багш, ажилчдын цалинг 50 хувь биш 100 хувь нэмье гэж ярьж чадна. Гэхдээ улс төрч хүн, ялангуяа улс орны хувьд заяаг атгалцаж яваа хүний хувьд тийм сэтгэл байхгүй. Тийм ширлүүлсэн нүүр надад байхгүй.

2020 оны улс төрийг одоо яриад байдаг нь ямар учиртай юм бэ. Ард түмэн дүнгээ тавина. харин та нарын хэлээд байдаг ард түмэн чинь өнөөдөр юу гэж ярьж байна вэ гэвэл “Энэ 76 ичдэг болоосой. Зорилтот бүлгийн хүүхдүүдээр далимдуулаад 100 хувь мөнгө авна гээд өөрийнхөө хүүхдүүдэд мөнгө авах гээд байх юм. Яасан ичдэггүй юм бэ” гэж ярьж байна. Бид зорилтот бүлгийнх юм уу. Би мэдэж байгаа учраас ярьж байгаа юм.

Тийм учраас нөхдүүд ээ, бид энэ дээр бодолтой хандахгүй бол микрофон харж, улс төр бодож ийм үг үйлдэл хийдгээ болимоор байна.

Үнэхээр халамжийн бодлого энэ улс орныг сүйрүүлнэ шүү” гэж хэлсэн билээ.

Л.Элдэв-Очир сайн бизнесмэн байж болно. Тийм ч учраас Монголын толгой компани MCS-ийн захирлуудын нэг байсан биз.

Харин энэ хүн улстөрч биш юм байна. Ядаж нэг удаагийн УИХ-ын гишүүн ч байж чадсангүй.

Ер нь бол аль ч нам УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх хүнээ сайтар судалж, бас боловсруулах шаардлага байгаа юм.

МАН-ын шинэ гишүүд гэхэд Л.Элдэв-Очироос гадна Өмнөговийн хоёр гишүүн гэж бас бантангийн эзэд бий шүү. Н.Амарзаяа гишүүн болохоор Байнгын хорооны хурал дээр бохь зажилж харагдана. Энэ ч яахав гэхээр нутагтаа очиж наадмын хойморт зогсохдоо Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэж байхад утсаар яриад зогсоно. Бас нутгийнхандаа “…Гуйж сонгогдоогүй шүү та нараас” гэж агсарна. Нөгөө гишүүн нь болох Л.Энхболд наадам болохоор гүйж очоод айраг түрүүний уяачдад өөрийнхөө зурагтай жаазыг бэлэглэж холионо. Гэрлийн шонгийн “шав” тавьж баллана. Ёс суртахууны анхан шатны боловсролгүй хүмүүст бид ирээдүйгээ даатгана гэдэг даанч харамсалтай. Номыг нь сурдаггүй юм гэхэд номхоныг нь сур гэдэг үг бас бий. Битгий ингэ гэсэн үг.

Явж явж олдвол өлдөхийн зовлонд МАН нэрвэгдчихээд байгаа юм. Нөгөөтэйгүүр “..нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэдэгчлэн ирэх сонгуульд МАН унахад УИХ-ын хэдэн гишүүний үүрэг роль ихээхэн байх бололтой шүү.

Эх сурвалж: news1.mn Д.Бат-Очир

SHARE