Хурандаа генерал С.Равдангийн мэндэлсний 111 жилийн ой тохиолоо

Онцгой байдлын албаны тулгын гурван чулууны нэг Иргэний хамгаалалтын байгууллагын суурийг тавьсан нийгэм, улс төрийн зүтгэлтэн, дипломатч, хурандаа генерал С.Равдангийн мэндэлсний 111 жилийн ой тохиолоо.

ОБЕГ-ын харъяа Аврах тусгай ангийг 2006 онд Засгийн газрын тогтоолоор хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, хурандаа генерал Сандивын Равдангийн нэрэмжит болгосон билээ. Энэхүү өдрийг тохиолдуулан  Аврах тусгай ангиас хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.

Хүндэтгэлийн арга хэмжээнд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, АТА-ийн захирагч, хурандаа А.Намсрай, хошууч генерал Б.Баярмагнай, Зэвсэгт хүчний 345 дугаар тусгай бригадын захирагч, бригадын генерал Л.Гансэлэм болон үр хүүхдүүд нь оролцсон юм.

Энэ үеэр хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит шагналыг АТА-ийн тээврийн тусгай бүлгийн  жолооч, ахлах ахлагч Л.Нямдаваад гардуулан өглөө.

Хурандаа генерал С.Равдан нь БНМАУ-ын Ардын Их Хуряын Тэргүүлэгчдийн 1970 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн зарлигаар Улсын иргэний хамгаалалтын газрыг байгуулахад даргаар томилогдон 1972 оны тавдугаар сар хүртэл ажиллаж байсан.

Мөн тэрээр 1932 онд баруун аймгуудад дэгдсэн зэвсэгт бослогыг дарах тулалдаан, 1939 оны Халхын голын дайн, 1945 оны чѳлѳѳлөх дайнд оролцсон ахмад дайчин, ахмад улс тѳрийн ажилтан юм.

С.Равдан нь Монгол Улсын анхны 11 генералын нэг бөгөөд БНМАУ-ын ЦЯЯ-ны сайд, Бүх цэргийн жанжны тушаалаар бригадын комиссар цол, 1943 оны 12 дугаар сарын 31-нд бригад командпан захирагч цол, БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн 1944 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор хошууч генерал, 1967 оны 7 дугаар сарын 14-ний ѳдрийн 206 дугаар тогтоолоор дэслэгч генерал, 1971 оны 3 дугаар сарын 9-ний ѳдрийн 68 дугаар тогтоолоор хурандаа генерал цол хүртээжээ.

Түүний эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг төр, засаг өндрөөр үнэлж Сүхбаатарын одонгоор хоёр удаа, Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор хоёр удаа, Хѳдѳлмѳрийн гавьяаны улаан тугийн одонгоор хоёр удаа, Байлдааны гавьяаны одонгоор  хоёр удаа, Алтан гадас одон болон бусад ойн медалиудаар болон ЗХУ-ын Лениний одон, Улаан тугийн одон, медалиуд, БНАСАУ-ын Улсын тугийн нэгдүгээр зэргийн одонгоор шагнаж байжээ.

ОБЕГ-ын харъяа Аврах тусгай ангийн хамт олон  өнгөрсөн онд С.Равдангийн үйл хэргийг нь мөнхжүүлэн үлдээсэн нэрэмжит танхимтай болсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

SHARE