Трансжендер иргэн цагдаагийнхныг сандаргажээ

Цагдаагийн ажилтнууд трансжендер иргэний эрхэнд халдсан гэх гомдол хүний эрхийн байгууллагад иржээ. Тодруулбал, өнгөрсөн Шинэ жилийн баярын үеэр нэгэн дүүргийн Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд трансжендер иргэн саатуулагдсан байна. Гомдол гаргасан иргэн эмэгтэй шинжид шилжсэн эрэгтэй байсан байна. Эрүүлжүүлэх байрныхан түүнийг эрчүүдийн тасагт саатуулжээ. Түүгээр зогсохгүй цагдаагийн ажилтнууд биед нь хүчээр халдсан гэж гомдолложээ. Энэ тухай хүний эрхийн байгууллагын ажилтны хэлснээр “Гомдол гаргасан иргэн эмэгтэй шинжтэй эрэгтэй байсан. Тиймээс эмэгтэйлэг хувцасладаг. Эрүүлжүүлэх байранд саатуулагдахад цагдаа нар биед нь үзлэг хийхдээ эрхийг нь хүндэтгээгүй. Мэдээж эмэгтэйлэг хувцасласан бол өөрийгөө эмэгтэй хүн гэж бодож байгаа. Гэтэл цагдаа нар эрэгтэй хүн хэмээн бодож эрчүүдийн тасагт оруулсан. Үзлэг хийх болоход эсэргүүцэхэд нь хүч хэрэглэн нууц эрхтнийг нь харсан гэх мэт зөрчил гаргасан юм билээ. Тиймээс бид тухайн цагдаагийн байгууллагад зөвлөмж хүргүүлж, бэлгийн цөөнхийн талаар цагдаагийн ажилтнууд тодорхой ойлголттой болохыг сануулсан” гэлээ.

Уг хэрэг явдлаас үүдэж Цагдаагийн ерөнхий газраас бүхий л тасаг нэгжүүддээ энэ талаар мэдлэг ойлголттой болох асуудалд анхаарал хандуулсан гэж байна. Товчхондоо эрүүлжүүлэх байранд болсон тэр нэгэн явдал цагдаагийнхныг сандаргасан хэрэг. Олон улсад бол энэ үйл явдал хүний эрхийн ноцтой зөрчил. Бэлгийн цөөнх иргэд гэр бүл болохыг, хүүхэд үрчлэн өсгөх гэх мэтээр энгийн хүмүүсийн адилаар эрх эдлэхийг олон улсад хүлээн зөвшөөрчихөөд байгаа. Харин манай улсад хууль сахиулагчид нь энэ талаар мэдлэг ойлголтгүй, бэлгийн цөөнхийг ялгаж салгах мэдлэггүй, хүний эрхийг хамгаалах чиг хандлага бүрэн тогтоогүй байгааг мэргэжлийн хүмүүс онцолж байна.

Эх сурвалж: news1.mn

SHARE