“А.Гансүхийн пост руу анхаарлаа хандуулахыг хүсье”

Ийм л хошин шог Монголын төрд бий болоод байна. Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл өчигдөр /2018.3.9./ цахим хуудсаараа дамжуулж “…Сүүлийн үед зарим мэдээллийн сайтуудаар УБТЗ-ыг барьцаанд тавьсан гэх худал мэдээлэл ихээр гарч зөвлөх Т.Очирхүү гуайн нэр хүндэд бүдүүлгээр халдаж байгаад харамсаж байна. Эдгээр сайтууд гарсан мэдээллээ залруулан ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхийн пост руу анхаарлаа хандуулан хоёр талаас мэдээлэл авч түгээхийг хүсье.
Цаашид ийм байдал ахин давтагдвал УБТЗ болон хувь хүний нэр хүндэд халдсан этгээдүүдтэй хуулийн хариуцлагын асуудал ярилцахаас өөр аргагүйд хүрэхийг анхааруулж байна” гэсэн анхааруулгыг өгөв.

Хөөрхий санаа нь, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргын цахим хуудсаараа дамжуулан хэлж байгаа үгэнд анхаарал хандуулахыг Дэд сайд анхааруулсан байна.

Энэ бол эмгэнэл юм.

Гэхдээ зөвхөн өнөөдөр бий болоод, ганцхан Б.Цогтгэрэл гэдэг дэд сайд ингэж бичээд байгаа юм биш л дээ.

Ерөнхийлөгчөөсөө эхлээд Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд, сайд нар, ер нь төрийн албаны бүх албан хаагчид ийм замаар байр сууриа илэрхийлдэг болоод байгаа.

Хэрвээ дараа нь асуудал гарвал хариулт нь тодорхой шүү дээ. Юу гэвэл “…Энэ бол хувийн байр суурь илэрхийлдэг, хувийн сүлжээ” гэнэ.

Тэгээд ч иймэрхүү мэдээллийн үнэн бодит чанар нь эргэлзээтэй. Гэвч улстөрчид нь өгөөд, олон нийт аваад дадчих бодитой аюул нүүрлээд байгаа нь үнэн юм.

Тиймээс Засгийн газар, хууль хүчний байгууллага иймэрхүү мэдээллийн үр дагавар, ялангуяа мэдээллийг түгээж байгаа сайтууд, тэр байтугай жирийн иргэнтийг ч шууд буруутгах хэрэггүй юм. Харин төрийн алба хашиж, эрх барьж байгаа албан тушаалтнуудын үгээ хэлж, байр сууриа илэрхийлэх индэр нь энэ биш ээ гэдгийг ойлгуулах, соён гэгээрүүлэх хэрэгтэй болсон байна.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE