Бизнесийн зарчим “Тэс петролиум”-д хамаагүй

Манай улсад даам гарсан компаниуд гэвэл шатахуун импортлогчид хамгийн түрүүнд нэрлэгдэнэ. Монополь байдлаараа “Петровис”, “Магнай трейд” байсхийгээд л шатахууны үнийг хөөрөгдөж монголчуудыг бужигнуулдаг. Дэлхийн зах зээлд нефтийн үнэ буурсаар байхад манай шатахуун импортлогчид юу ч болоогүй юм шиг гүлдийгээд л сууцгаана. Харин өсөх юм бол дуунаар үнээ нэмнэ.

Монгол Улс ОУВС-ын хөтөлбөрийг хамрагдахтай холбогдуулан онцгой албан татварын хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан. Үүнээс үүдэж шатахуун импортлогчид нэгэн зэрэг үнээ нэмж Монголын эдийн засгийг донсолгов. Улмаар Засгийн газраас их хэмжээний татаас нэхэмж шантаажилсан. Олон нийтийн бухимдал, эдийн засгийн савалгааг зогсоож чадаагүй Засгийн газар аргагүйн эрхэнд онцгой албан татварыг тэглэх шийдвэрийг гаргалаа. Энэ шийдвэртэй холбогдуулан дизель түлшний үнийг нэмэгдэлтэй хэвээр, харин А92, А80 бензиний үнийг буулгах зөвшилцөлд хүрсэн.

Гэтэл онцгой албан татвараа тэглүүлж чадсан нефтийн компаниуд шатахууныхаа үнийг нэмсээр байна. Шатахууны үнэ савлаагүй үед 1620-той байсан А92 бензинийг гэхэд өнөөдөр 1740 төгрөгөөр худалдаалж байна.

Дээр хэлсэнчлэн шатахууны үнийг хөөрөгдөлд гол байр суурь эзэлдэг монополь хоёр компани бий. Харин сүүлийн үед энэ хоёр компанийн араас “Тэс петролиум” гэх компани гарч ирлээ. “Тэс петролиум” нефть импортолдог болсоор удаагүй байгаа. Өөрөөр хэлбэл, нефтийн салбарт шинэ өрсөлдөгч. Тиймдээ ч саяхныг хүртэл үнийн хувьд боломжийн, хэрэглэгчдэд зориулсан хөнгөлөлттэй үйлчилгээтэй байв. Литр тутамд 50 төгрөгийн хөнгөлөлттэй карттай. Гэтэл ОУВС-ийн хөтөлбөртэй холбогдуулан нэмсэн шатахууны хөөрөгдөлд энэ компани бүр толгой цохиж оролцлоо. Бүх салбараа засвартай хэмээн хааж зах зээлд хомсдол үүсгэв. Түүгээр зогсохгүй литр тутамд 50 төгрөгийн хөнгөлөлт үзүүлдэг байснаа 30 болгон бууруулж, нийслэлд худалдаалж байгаа автобензинийхээ үнийг А92-ийг гэхэд 1740 болгоод байна. Харин орон нутагт бүр гаарч байгаа сурагтай. Увс аймагт гэхэд өнгөрсөн нэг сар орчмын хугацаанд үнээ нэмсээр А92 бензинийг 1990 төгрөгөөр худалдаалж байна.

“Тэс петролиум” компани УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн бизнес. Монгол Улс ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдаж эдийн засгаа өндийлгөх шаардлага яалт ч үгүй байгааг Б.Баттөмөр гишүүн хамгийн сайн мэднэ. Гэтэл бизнесээ нэгдүгээрт тавьж, Засгийн газрын эсрэг хөдөлгөж чадлаа. Бүр Засгийн газар нефтийн компаниуд зөвшилцөлд хүрчихээд байхад ч ийнхүү үнээ нэмсээр байгаа нь олон нийтийн дургүйцлийг хүргэсээр байна.

Бизнесийн салбарт хэрэглэгч, үйлчлүүлэгчээ хаан мэт үздэг алтан зарчим бий. Бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, ялангуяа үнийн тогтвортой байдал энэ зарчмын гол үнэт зүйл. Шинэ тутамд үүсгэн байгуулагдсан компанид энэ нь бүр ч хамаатай. Хэрэв энэ зарчмаа зөрчвөл дороо л зах зээлээс арчигдана. Тиймээс “Тэс петролиум” компани араамандаа л жаажиганая.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХЖАВ 

SHARE