Хариуцлага хүлээх ёстой хүн нь Санжийн Баяр мөнөөс мөн

 

Монгол бол асар уудам нутагтай, хүн ам цөөхөнтэй улс. Манай монголчууд хоёр их гүрний дунд нутагладаг атлаа тусгаар тогтнолоо дэлхийд зарлаад 60-аад жил болж байгаа “хоншоортой” ард түмэн. Хөгжих асар их боолмжтой,  хөрөнгө зоорь арвинтай гээд бичээд байвал боломж барагдахгүй орон юм.

Харин ардчилсан хувьсгалаас хойш ганц л зүйлийг нэг тийш шийдэж чадалгүй өнөөг хүрсэн. Тэр нь бидний тархи сэтгэхүй, хийж бүтээх бүхэнд тээг болж байдаг юм.

Юу гэвэл,  Монголд даам гарчихсан, эрх дураараа хэдэн хүн байдаг. Тэд ард түмэн биднийгээ тэнэг хэмээн боддог бололтой юм. Тийм учраас хийе гэснээ л хийдэг.

Нэг жишээ нь Ерөнхий сайд асан Санжийн Баяр. Энэ хүн ихэнхдээ Монголд байдаггүй. Хааяа нисч ирнэ. Хачин их дуулиан шуугиантай Буянт-Ухаад газардана.

“…С.Баяр дарга ирлээ” гээд Монголоор нэг дуулиан.

Хааяа бас хэвлэлд ярилцлага өгнө. Хачин гоё үгээр урлаж ярина. Түүний хэлж байгаа үг жинтэй гэж жигтэйхэн, хүний сэтгэл, санааг эзэмдэнэ гэж хачин.

Гэхдээ С.Баяр даргын үг бүхэнд итгэж болох уу гэдэг эргэлзээтэй.

Түүнээс Монголын ард түмэн олон асуултад хариулт хардаг юм. Тэр даанч тэр бүхэнд нь хариулахгүй. Дээрх маягаар хачин гоё үг хэлээд бултчихна.

Америк дахь олон хаус, Оюутолгойн гэрээ гээд тавих асуулт зөндөө бий.

Хамгийн сүүлд, яг одоо дуулиан шуугиан болоод байгаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг барьцаалснаас их хэмжээний өр төлөх болсон тухай юм.

Эхний хоёрынх нь тухайд С.Баяр дарга бултаад л байгаа. Харин сүүлийнх нь болох “Эрдэнэт үйлдвэр”-ийн талаарх асуудлыг ард түмэн зүгээр орхихгүй бололтой байна. Орхиж ч боломгүй эд байгаа юм.

Учир нь “Жаст” групп “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалж зээл авч байх үед С.Баяр Ерөнхий сайд байсан.

Тэр үед ТӨХ-ны дарга байсан Д.Сугар, “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал байсан Ч.Ганзориг нар 2013 оноос хойш “…Барьцаалах ажилд оролцоогүй, гарын үсэг зураагүй” гэж байсан ч Арбитрын шүүхийн шийдвэрээр оролцсон болох нь тогтоогдож байх шиг байна. Энэ хоёр эрхмийг хуулийнхан анхаараад эхэлсэн тухай мэдээлэл цацагдаад эхэллээ.

Харин тухайн үеийн Монголын төрийн гүйцэтгэх засаглалын босс С.Баярыг хэрхэх вэ гэдэг сонин байгаа юм.

Яг үнэнийг хэлэхэд хуулийнхан бол С.Баяр даргыг яаж ч чадахгүй. Яагаад гэвэл тэр гарын үсэг зураагүй.

Гэхдээ С.Баяр дарга “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг барьцаалснаас их хэмжээний өрөнд унагасан асуудалд хариуцлага хүлээх ёстой хүн мөнөөс мөн. Учир нь С.Баяр дарга тэр үед Монгол Улсын Ерөнхий сайд байсан хүн.

Тэр утгаараа, гарын үсэг зурж, шууд үүрэг өгөөгүй ч ёс зүйн хувьд хариуцлага хүлээж ард түмэнд өөрөө хандах ёстой хүн мөнөөс мөн юм.

Эх сурвалж: www.news1.mn

 

 

SHARE