Б.Бат-Эрдэнэ аварга ичиг ичиг

Хоёр тамирчныг дагалдан 10 гаруй хүн Пёнчаны олимпийг зорьсон дуулиан үргэлжилсээр байна. 2016 оны залуучуудын олимпоос алтан медаль хүртсэн тэшүүрийн тамирчин Б.Сумъяа энэ удаагийн өвлийн олимпод оролцох боломжтой байсан ч бэлтгэл хийх зардалгүйгээс болж хоцорч үлдсэн таагүй мэдээлэл тархлаа. Тэрээр олимпийн эрх авах эхний тэмцээнд яваад Монголын рекордыг шинэчлээд томоохон амжилт гаргаад иржээ. Гэвч дараа дараагийн тэмцээнүүдэд оролцох эрхийг нь манай спортын зарим хүмүүс хааж боогдуулсаар ийнхүү Пёнчаны олимпод оролцох боломжоо алджээ. Б.Сумъяаг энэ удаагийн олимпод оролцох эрхийг түүртэлгүй авч чадах өндөр чансаатай тамирчин гэж мэргэжлийн хүмүүс үнэлж байв. Гэвч эх орныхоо нэрийг гарган оролцох хамгийн өндөр чансаатай тамирчнаасаа хэдхэн сая төгрөг харамласан хэрнээ хэдэн зуун саяар хувцас хийлгээд улсын зардлаар энэ удаагийн өвлийн олимпийг зорьсон Боловсрол, соёл, спортын сайд Ц.Цогзолмаа тэргүүтэй хүмүүсийг анхнаас нь олон нийт шүүмжилж байв. Гэтэл БНСУ-д оччихоод олимпод оролцох хоёр тамирчнаа хан налуулан зогсоочихоод хүүхдээ загнаж байгаа ээж шиг ширээ тойрон чичлэн суусан дагалдагчдын дүр зураг хүмүүсийн бухимдлыг бүр ихээр төрүүлсэн. Тэгвэл энэ удаа Пёнчаны олимпийг зорьсон монголчуудыг зүхэх шалтгаан ийнхүү нэгээр нэмэгдлээ.

Хоёрхон хүнийг 10-уулаа дагдалдах болсноо салбарын сайдаас эхлээд амьхандаа тайлбарлаад л байлаа. Гэхдээ тэд бол тамирчид биш. Харин тэдний дунд тамирчны зовлон, жаргалыг хамгийн ихээр мэдэх нэг хүн яваа нь УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ. Тэрээр энэ удаагийн багийг ахалж яваа. Тамирчид гадаадад тэмцээнд явахын тулд хэрхэн тэмцдэг, бэлтгэлийн зардлаас эхлээд тулгардаг зовлонг Б.Бат-Эрдэнэ аварга нэг насаараа мэдэрсэн хүн. Тиймээс олимпод оролцох боломжтой тамирчнаа хойш нь чангаасан, хоёрхон хүний сүр дор 10 гаруй хүн ямар ч ач холбогдолгүй дагалдах болсныг тамирчин хүний хувьд ч, төрийн түшээгийн хувьд ч, багийн ахлагчийн хувьд засах боломжтой байлаа. Гэтэл хоёр муу тамирчнаа загнасан шиг яваа нь их л зангараггүй харагдлаа. Нэг үгээр тамирчдыг дагалдсан хүмүүс дотроос арай ч дээ гэмээр нь Б.Бат-Эрдэнэ аварга л харагдаад байна. Ичиг ичиг.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХЖАВ

SHARE