УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Олон Улсын Ардчиллын Холбооны чуулганд оролцлоо

Олон улсын хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг төв болон баруун төвийн намуудыг эгнээндээ нэгтгэсэн Олон Улсын Ардчиллын холбоо /ОУАХ/-ны ээлжит чуулган Испани Улсын Саламанка болон Мадрид хотуудад болж өндөрлөлөө. Уг хуралд дэлхийн 80 гаруй орны барууны намын өндөр хэмжээний төлөөлөл болон 60 гаруй олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож бодлогын асуудлаар гурван өдөр чууллаа.

Уг чуулганд УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид оролцсон бөгөөд үндсэн хуралдаануудад илтгэгчээр оролцож Монгол Улс дахь ардчиллын ололт болон сорилтын талаар хэдэлцүүлэг өрнүүлэв. Тус олон улсын холбооны энэ удаагийн хуралдаанаар улс орнууд болон бүс нутаг, олон улсын хэмжээнд тулгамдаад буй хүний эрхийн зөрчил, олон улсын харилцааны хүндрэлүүд, аюулгүй байдлын талаар голчлон ярилцсан юм.

Мөн технологийн эрин үед улс төрийн намууд илүү иргэдтэйгээ ойрхон, илүү бодлогод чиглэсэн үйл ажиллагаа явуулах нь зүйтэйг хэлэлцсэн бөгөөд Монгол Улсын хувьд цоо шинэ туршлагыг олон улсад жишиг болгон гаргаж буйг сайшааж байлаа. Тухайлбал 2016 оны сонгуулийн үр дүнгийн дараа АН-ын хувьд шинэчлэлийн явцыг эргэлт буцалтгүй эхлүүлж, баруун төвийн намуудаас бараг хамгийн түрүүлж нийт гишүүд дэмжигчдээсээ лидерээ сонгож, улмаар анхан шатны хүсэл зорилгод нийцсэн шинэчлэлийн процессыг улс төрийн соёлд нэвтрүүлсэн хэмээн үнэлж буйгаа хурлын төлөөлөгчид мэдэгдэж байв.

Чуулганы үеэр АН-ын дарга С.Эрдэнэ тэргүүтэй Монголын төлөөлөгчдийг Испанийн Ерөнхий сайд бөгөөд Засгийн газрын Ерөнхийлөгч хүлээн авч уулзсан юм. Мөн хуралдааны гуравдахь өдөр ОУАХ-ны тэргүүнээр Канадын 22 дахь Ерөнхий сайд асан Стифен Харпер сонгогдсон бөгөөд шинээр сонгогдсон тэргүүнтэй ганцаарчилсан уулзалт хийсэн байна.

SHARE