Улсын хэмжээнд эрүүл мэндийн байгууллагууд баярын өдрүүдэд бэлэн байдлыг хангаж ажиллалаа

Эрүүл мэндийн яам болон харьяа 16 байгууллага,Нийслэлийн эрүүл мэндийн газар  энэ сарын 15-19-ний өдрийг хүртэл эмнэлгийн тусламж, үйлчилгээг иргэдэд түргэн, шуурхай үзүүллээ.Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн батласан удирдамжийн дагуу ЭМЯ-наас томилогдсон ажлын хэсгийхэн цагаан сарын баярын үеэр эмнэлгийн тусламжийн бэлэн байдалд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих зорилгоор иргэдийн хамгийн их үйлчлүүлдэг ачаалал ихтэй байдаг ЭХЭМҮТ, ХӨСҮТ, ГССҮТ, нийслэлийн дүүргийн хүүхдийн эмнэлэг, тасаг, өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа, тусламж үйлчилгээний бэлэн байдалтай танилцаж, эмнэлгүүдэд ажилласан юм. Мөн Эрүүл мэндийн яамнаас хүргүүлсэн зөвлөмжийн дагуу эрүүл мэндийн байгууллага бүрт удирдлагын баг хяналт тавьж, эмч, мэргэжилтнүүд жижүүрлэн ажиллаж, алсын дуудлагын бэлэн байдлыг хангаж, тусламж, үйлчилгээ үзүүлэн ажиллалаа.

Улсын хэмжээнд  төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, түргэн тусламжийн төв 24 цагаар үйл ажиллагаа явуулж,  дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн Мэс засал, Дотор, Хүүхэд, Шүдний кабинет, мөн Өрхийн эрүүл мэндийн төвүүд, Шүд эрүү нүүрний төв баярын өдрүүдэд 10:00-16:00 цаг хүртэл ажилласан байна.

Сар шинийн баярын үеэр Улсын хэмжээнд яаралтай түргэн тусламжаар 12878, амбулториор 9783 дуудлага, үүнээс хүүхдийн 2467, насанд хүрэгсдийн 2528, осол гэмтлийн 883, архины хордлого 487, төрөх 630, бусад 3355 дуудлага авч үйлчиллээ.

SHARE