“Эрдэнэт”-ээр барьцаалсан зээлийн мөрөөр: “Хадгаламж” банкийг “Төрийн банк”-нд  шилжүүлэхэд нөөцийн дансандаа 200 тэрбум, салбаруудаар 150 тэрбум, үнэт цаас бараг 60-аад тэрбум төгрөгтэй байсан

“Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалахад хэн буруутай вэ гэдэг асуудал яригдаж байна. Үүнтэй зэрэгцээд тэр мөнгө хаашаа орчихсон бэ гэдгийг бас судлах шаардлагатай юм. “Жаст” компани дампуурахад төр хамгийн түрүүнд “Хадгаламж” банкийг авч, Төрийн банкинд нэгтгэсэн. Тэгэхээр “Жаст”-ын Ш.Батхүү тавьсан өрөндөө Засгийн газарт “Хадгаламж” банкаа өгчихсөн үү гэсэн асуулт гарч ирж байгаа юм.

Ш.Батхүү 2013 оны наймдугаар сард “Хадгаламж” банкаа Төрийн банкинд нэгтгэсэн талаар ингэж ярьж байв. Тэрээр “….“Хадгаламж” банк ямар банк байсан, ямар болсон бэ гэдгийг өнөөдөр хэн ч хэлэх байх. Банкны хувьд өөрийн хөрөнгөгүй, үйл ажиллагаа нь зогсонги байдалтай, өнгө зүс гундуу, эх үүсвэрийн дутагдалтай, нөгөө Чимэдцэрэн арван хэдэн тэрбумаар нь тоглоод үрчихсэн тийм л банк хүлээж авсан. “Хадгаламж” банкийг аварсан уу гэвэл аварсан.  Үнэн юм чинь хэлж байх хэрэгтэй биз дээ. “Хадгаламж” банкийг аврахад би улсаас нэг ч төгрөг аваагүй. 2009 оны гуравдугаар сард авсан. 2009 оны эцэс гэхэд энэ банк бол 200 тэрбумын  активтай, 33 тэрбумын өөрийн хөрөнгөтэй. Банкныхаа бүх үзүүлэлтүүдийг хангачихсан байсан. Тухайн үед банкны удирдлагад байсан мэргэжлийн хүмүүс надад хэлж байсан. Захирал аа, манай “Хадгаламж” банк  ёстой арилгасан сонгино шиг болчихлоо. Та энэ нэг “Монгол шуудан” банктай нийлүүлэх хэрэг байна уу гэж. Гэхдээ надад нэг зан чанар байдаг юм. Тэр бол аливаа нэг юмыг хийвэл хийсэн шиг хийгээд, тэргүүлэгчдийн эгнээнд байлгах. Энэ бол нэг их тийм мөнгөний шунал биш. Жишээ нь, тамирчин хүн 102 кг-ыг өргөчихөөд, рекорд эвдэх гэж 105-ыг өргөж байгаад нуруундаа гэмтэл авчихдаг, эсвэл зүгээр л сайхан гэртээ дулаан хэвтэж байхын оронд амжилтаа эвдэх гэж ууланд ахиж авиралт хийж яваад л ангал руу уначихдаг. Ямар хэрэг байнаа гэж зарим хүмүүс ярьдаг. Энэ бол хүмүүсийн зан чанарын л онцлог байх. Би гэртээ зүв зүгээр суугаад байх хүн биш юм шиг байгаа юм. Энэ бол сайн ч биш муу ч биш, тухайн хүний л онцлог юм. Түүндээ  л хөтлөгдсөн байх. Банкны бизнес хийх юм бол  арилгасан сонгино шиг цэвэрхэн зүгээр л нэг жижигхэн банктай байх надад бол сонин биш л дээ. Тийм банктай  байвал жилдээ тав арван тэрбумын ашиг хийчихээд, тэрийгээ банкиндаа хадгалчихаад амар амгалан, ямар ч зовлонгүй, гэр орныхонтойгоо зугаалаад л яваад байж болно. Гэхдээ миний амьдралд ханддаг хандлага бол өөр.
“Монгол шуудан” бол үндсэндээ дампуурчихсан банк байсан, би гэхдээ энэ талаар юм дуугарч байгаагүй. Энэ талаар зүгээр л мэргэжлийн хүмүүс нь хэлнэ. “Монгол шуудан” дээр ч гэсэн тэр банкийг би үнэхээр аварсан. Өөрөөр хэлэх гэж байгаа хүн байвал зүгээр л юу ч мэдэхгүй байж худлаа ярьж байгаа хүмүүс. Маш хүнд банк байсан. Миний хувьд хүмүүсийг хүнд үед нь улам доошоо хийж байгаа юм шиг үнэгүйдүүлэх ч юм уу тийм хандлага огт гаргадаггүй. Надад хөрөнгө босгох бололцоо чадал байвал би ачааг аваад л явдаг. Манайхан надад олон хэлсэн. Та ингэх хэрэг байна уу гэж.
Би Д.Зоригтоос зээлийг хариуцсан, дүрмийн санд нь нэмж хийсэн гээд тооцвол 26 сая ам.доллараар авсан. Бэлнээр өгсөн. “Хадгаламж” банкийг би бүр үнэтэй, 33 сая доллараар авсан. “Монгол шуудан” банкийг  нэгтгэх үед тэнд 60 тэрбум орчим төгрөгийн муу зээл ил байсан ба нэгтгэсний дараа ч муу зээлүүд илэрсэн. Би 27 тэрбум төгрөгөөр өөрийн хөрөнгийг нэмэгдүүлж байж банкны үйл ажиллагааг хэвийн болгосон. Хэрэв энэ хоёр банкийг нэгтгэчихээд тогтоож чадаагүй байсан бол 300 тэрбум төгрөгний ачаа улсын нуруун дээр ирэх байсан. Бүр ямар ч эргэлзээ байхгүйгээр. Улс нэг төгрөг ч өгч дэмжээгүй. “Монголбанк” бол ийм хүнд ачаа үүрүүлсэн учраас муу зээлээ барагдуулах тал дээр хугацаа бол өгсөн л дөө. Тэр үед би Сангийн яаманд ч бичиж байсан. “Монголбанк”-нд ч бичиж байсан. Ийм хүнд ачаа үүрчихсэн хувийн компанидаа дэмжлэг үзүүлж болдоггүй юм уу гэж. Манайхан яахав дээ, хувийн компани гэхээр л ардын дайсан шиг л санадаг. Одоо бол “Төрийн банк” авахдаа бүх муу юмыг нь үлдээгээд л хамаг сайн юмыг нь аваад явчихаж байна шүү дээ. Тухайн үед бол би энэ хоёр банкны бүх муу юмтай нь авсан. Энэ мууг нь цэвэрлэсэн. Энэ хоёрыг нийлүүлэх үед дүн шинжилгээ хийхэд нийт активынх нь 60 хувь нь чанаргүй болчихсон байсан. Тэгээд л бод л доо. 60 хувь шүү. Төлбөрийн чадваргүй болчихсон. Төлбөрийн чадваргүй болно гэж дампуурахыг хэлдэг. Ийм хоёр банк авсан. Харин сая би ямар банк хүлээлгэж өгсөн бэ гээд би бүх тоонуудаа тарааж өгсөн. Бүр албаар үзэг гэж бодсон.
Ингээд банкуудыг нэгтгээд ажилласан. Амаргүй эхлэл байсан. Нийлүүлж аваад уралдаанд орсон. Олон хүн намайг доромжилж байсан. Хоёр болжмор нийлээд юу болдог юм. Санхүүгийн хямралын үеэр банк авна гэдэг бол зуднаар хонь авахтай адил л гэнэ. Гэсэн ч би аваад явсан. Энэ хугацаанд банкийг бид 12 дахин өсгөсөн. Манай актив 1,1 их наяд. Манай энэ шинэ багийн өгсөн зээлийн чанар 0,12 хувь. 60 хувь ба 0,12 хувийг харьцуулахаар нэг юм харагдах байх. Ийм үзүүлэлт монголын аль ч банкинд байхгүй үзүүлэлт. 40-өөд салбартай байсан банкийг 500 гаруй салбартай болгосон. 200 хүнтэй л банк байсныг 3300 хүнтэй болсон. Манай менежментийн баг бол банкны салбартаа тэргүүлэх баг. Гэхдээ энэ хугацаанд надад байсан зовлон бол үнэхээр муу юмыг нь салгаж өгөөгүй, үүрүүлээд явуулчихсанд л байсан. Муугаа цэвэрлээд, ашиг хийж чадахгүй байсан учраас банкны өөрийн хөрөнгийг би өөрөө нэмэгдүүлэх шаардлагатай болж, мөнгө олж, оруулж ирсэн. Миний оруулсан хөрөнгө оруулалт явсаар байгаад 84 тэрбум төгрөг хүрсэн. Банкны хувьд цэвэрлэгээ хийж байгаа болохоор “Монголбанк”-наас байнга хяналттай, бүх зүйл нь ил тод байсан, нууж хаагаад байсан юм огт байхгүй гэдгийг хэлэх нь зүйтэй. Харин ч “Монголбанк”-ны нүдэн дээр бид 100 кг-ын туухайтай сэлээд бусад банкууд 2-3 дахин өсч байхад манайх 12 дахин өсч чадсан. Манай залуучууд зүгээр сэлсэн бол монголын хамгийн тэргүүний банк болчихсон байх байсан гэдэгт би эргэлздэггүй. Тэгээд би сая гадны хөрөнгө оруулалт хайгаад гадныхнаар шинжилгээ хийлгүүлсэн. Танай банкны менежмент бол үнэхээр сайн байна. Хоёрдугаарт, танай актив бол үнэхээр сайн. “Хаан” банкны долоон жилд хийсэн юмыг танайх 2,5 жилд хийжээ. Банкин дээр “Олон Овоот”-ын зээл болон “Монгол шуудан” банкнаас ирсэн муу зээлүүд гэдэг асуудал байна, энэ нь тантай холбоотой байна гэж дүгнэсэн. Сая банкаа “Төрийн банк”-нд  шилжүүлэхэд “Монголбанк”-нд байдаг нөөцийн дансандаа 200 тэрбум төгрөгтэй байсан. Салбаруудаар 150 тэрбум төгрөгтэй. Засгийн газрын болоод “Монголбанк”-ны үнэт цаас бараг 60-аад тэрбум төгрөгтэй. Төлбөр түргэн гүйцэтгэх чадвар гээд дампуурсан уу, үгүй юу гэдгийг харуулдаг үзүүлэлт байдаг. Тэр нь 20-оос доош ороод ирэхээрээ хэцүү байдаг. Тэр нь 35 хувийн үзүүлэлттэй.  Ийм банк л бид “Төрийн банк”-нд хүлээлгэж өгсөн. Надад үнэхээр болохгүй байгаа юм бол өөрийн хөрөнгийн хүрэлцээ гэдэг юм л байсан” гэж байв.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE