30 их наядын хөрөнгийг өршөөснөөр эдийн засаг өссөн үү?

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ хэлэлцүүлгийн үеэр мөнгө угаахтай холбогдуулан Өршөөлийн хууль, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуультай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн юм. Эдгээр хуулийг хэрэгжүүлснээр эхний удаад нуусан эд хөрөнгийг нь өршөөж дараагийн удаагаас ил тод болгож улсад татвар төлдөг болсноор улсын төсөв нэмэгдэнэ гэж хууль батлагчид үзэж байв. Гэвч өнөөг хүртэл хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг гишүүд онцлов. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “2015 онд Өршөөлийн хууль, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг баталсан. Үүгээр 33 их наяд төгрөгийн асуудлыг эдийн засгийн өршөөл нэрийдлээр авлига албан тушаалын хэргийг бүхэлд нь өршөөсөн. Энэ нь олон улсын санхүүгийн байгууллагаас сануулга авах гол үндэслэл болж байна. Дахиж ийм хууль батлахгүй гэдэгт итгэж байна” гэв.

Үүнээс үзэхэд Монголын төр 33 их наяд төгрөгийн нууц хөрөнгийг өршөөсөн болж таарлаа. Бүр тодруулбал, Монгол Улсын 10 орчим жилийн төсөвтэй тэнцэхүйц хөрөнгө сүүдэрт эргэлдэж байжээ. Тэгвэл ийм их хөрөнгөө өршөөлгөж чадсан хүмүүс, аж ахуйн нэгжүүд татвараа төлж эхэлсэн үү?

Чуулганы үеэр нэг бус гишүүн 33 их наяд төгрөгийн хөрөнгийг өршөөсний хариуд орлогоо ил болгож эдийн засаг өссөн үзүүлэлт гараагүй хэмээн мэдэгдэв. Нээрээ л 2015 оноос хойш эдийн засаг өссөн сайн мэдээ дуулдсангүй. Бүр энэ хуулийн хэрэгжилттэй холбоотой мэдээлэл ч таг чиг байна. Харин жирийн иргэд нь өндөр НӨАТ шингэсэн барааг худалдан авдаг хууль нь “үр дүнтэй” үйлчилж үлдэв бололтой.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХЖАВ

SHARE