Засгийн газрын 100 хоног

Энэ онд 4 төрлийн татвар нэмсэн ч гаргасан шийдвэрээсээ буцаж АИ-92, 80 онцгой татварыг цуцаллаа.

Монгол улсын 30 дахь Ерөнхий сайд томилогдоод 100 хоног өнгөрч байна. Төр, засгийн тэргүүн албаа авснаас хойшхи 100 хоногтоо хэрхэн ажилласнаар нь тухайн Засгийн газар ирээдүйг урьдчилан дүгнэдэг жишиг дэлхий нийтэд бий. Бодлого, зорилт нь бүрэн тодорхой болж, түүндээ хүрэх эхлэлээ тавьж, зарим ажлынх нь үр дүн гарахад хангалттай хугацаа гэж үздэг тул цаашид уг Засгийн газраас юу хүлээхээ баримжаалдаг ч гэж болно. Тэгвэл Ж.Эрдэнэбатын засгийг мэргэжлийн бус гэж дүгнэн огцруулсан У.Хүрэлсүхийн засгийн 100 хоногийг тоймлон хүргэе.

Ж.Эрдэнэбатаас уламжлалтай эдийн засгийн өсөлт

2017.10.04-ны чуулганы хуралд 47 гишүүн оролцож 100 хувийн саналаар У.Хүрэлсүх  ерөнхий сайд болов. Харин өнгөрсөн оны 10 сарын 18,19-нд сайд нарыг томилсноор У.Хүрэлсүхийн танхим бүрдсэн юм.

Монголын эдийн засгийг хүнээр зүйрлэвэл, 2016 онд сэхээний тасагт орсон, 2017 онд энгийн тасагт шилжлээ, 2018 онд гэрт нь гаргана, 2019 онд ажилд оруулна, 2020 онд цалин авдаг болгоно гэж У.Хүрэлсүх хэлсэн.

Харин эдийн засгийн өсөлт 2017 оны сүүлийн хагаст 5.8 хувиар өсөж, төсвийн орлого 500 тэрбумаар давж, гадны хөрөнгө оруулалт 1.1 тэрбум долларт хүрч, төгрөгийн нөөц 3.2 тэрбум доллар болон өсчээ. Мөн ХАА салбар нэг хувиар өссөн гэж Азийн Хөгжлийн Банкмэдээлжээ. Учир нь, шинэ Засгийн газар 2016 оны эдийн засгийн уналт ганцхан уул уурхайн салбарыг дэмжиж ажилснаас болсон гэж үзсэн. Тиймээс тэд ХАА болон газар тариалангийн салбарыг дэмжиж хоёр жилийн хугацаанд босгоно гэсэн юм.  Засгийн газар 2019 онд эдийн засгийн бодит өсөлтийг 8 хувьд хүрнэ гэсэн төсөөлөлтэй байна.

Тэгвэл тэд юу хийв?

Эргэж буцсан татварын шийдлүүд 

Засгийн газар ОУВС-тай хийсэн гэрээний дагуу энэ оны 1 сарын 1-нээс эхлэн  дөрвөн төрлийн татвар нэмэгдсэн. Тодруулбал,

  1. Цалингийн хэмжээнээс хамаарч ХХОАТ-ыг 10-25 хувиар,
  • 1.5 сая төгрөг эсвэл түүнээс бага бол10%
  • 1.5-2.5 сая төгрөгийн хооронд 15%
  • 2.5-3.5 сая төгрөгийн хооронд 20%
  • 3.5 сая төгрөг эсвэл түүнээс дээш бол 25%-ийн татвар төлнө

2.Нийгмийн даатгалын шимтгэлийг нэг хувиар,

3.Архи тамхины онцгой албан татварыг 10 хувиар,

4.Автобензин дизель түлшний онцгой албан татварыг тус тус нэмлээ.

АИ-92, 80 бензиний онцгой татварыг тэглэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар АИ-92,80 бензиний татварыг тэглэж, нефтийн үйлдвэр барихаар шийдвэрлэлээ. Тодруулбал, шатахуун импортлогчид бензиний үнэ нэмэгдэж, хомсдол үүссэн шалтгааныг онцгой татвар нэмснээс болсон гэж тайлбарласан. Тиймээс Засгийн газар дээрх шийдвэрийг гаргаж, зохиомлоор үүсээд буй шатахууны хомсдол бууруулна гэж сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ. Нефтийн үйлдвэр 2024 онд ашиглалтад орно.

Нэмсэн татвараа тэтгэвэрт орууллаа

Энэ оны 2 сарын 1-нээс ахмадуудын тэтгэврийг 27000 төгрөгөөр нэмэхээр шийдвэрлэв. Мөн тэтгэврийн зээлийн хүү 18 хувь байсныг 15 хувь болгон бууруулсан юм.

Бондын өрийг төллөө

Энэ оны 1 сарын 5-нд “Чингис” бондын 500 сая долларын өрийг Гэрэгэ бондыг худалдаалж төлсөн. Тус бондыг Ж.Эрдэнэбатын засаг босгосон бөгөөд У.Хүрэлсүх худалдаалах шийдвэрийг гаргаж Чингисийн өрийг барагдуулсан юм. Ингэснээр олон улсын хөрөнгө оруулагчид болон гадаад зах зээлийн өмнө хүлээсэн үүргээ биелүүллээ.

Солонгосоос хөнгөлөлттэй зээл авлаа

Ерөнхий сайд олон улс дахь анхны айлчлалаа Солонгос улсад амжилттай хийв. Товчхондоо, ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд олгож буй 500 сая долларын хөнгөлөлттэй зээл авсан, гэрээт ажилчдын тоог нэмэгдүүлсэн, ирээдүйд хоёр улс хоорондоо визгүй болох талаар ярилцсан зэрэг таатай мэдээ дуулгав.

Монгол улс хар жагсаалтаас гарлаа

Энэ сарын 23-ны өдөр Европын Холбоо хар жагсаалтаас Монгол улсыг албан ёсоор гаргаж, саарал руу орууллаа. Ингэснээр манай улсыг дахин нэг жилийн хугацаанд ажиглаж, тавьсан шаардлагуудыг бодитой хэрэгжүүлж байгаа эсэхэд хяналт тавина. Мөн манай улсын зээлжих зэрэглэл САА-1 буюу маш өндөр эрсдэлтэй байсныг В3 буюу өндөр эрсдэлтэй болгон зэрэглэл дээшлүүлсэн. Энэ нь манай улс хөрөнгө оруулагчдад санхүүгийн хувьд “арай л баталгаатай” гэж харагдана.

Шүүхийн шинжилгээний төлбөрийг хүүхдээс авахаа болилоо

Хойд эцэгтээ хүчиндүүлсэн гэх 5 настай охин шүүх эмнэлэгт үзүүлэхээр очиход 10.000 төгрөгийн төлбөр нэхэж үзлэг хийгээгүй нь асар их шүүмжлэл хүлээсэн. Улмаар ерөнхий сайд У.Хүрэлсүх “нялх хүүхэд өвдөөд очиход төр төмөр нүүрээ харуулж болохгүй. Тиймээс шүүх эмнэлэг 0-18 хүүхдээс шинжилгээний төлбөр авахгүй болгоно” гэв. Ийнхүү өнгөрсөн оны 10 сарын 31-нээс эхлэн хэрэгжих тушаал нь гарч мөрдөгдөж эхэллээ.

Сөрөг хүчин юу гэв?

УИХ дахь Ардчилсан намын бүлэг У.Хүрэлсүхийн засгийг амласан амлалтуудаасаа ухарч ОУВС нэрийн дор 7 татвар нэмсэн учраас огцруулна гэв. Мөн ерөнхийлөгч Х.Баттулга утааны асуудлыг шийдвэрлэхгүй бол цагаан сарын дараа Засгийн газрыг огцруулах санал гаргана гэсэн юм.

Тэгвэл энэ тухай УИХ-ын гишүүн Я.Содбаатар хэлэхдээ, Засгийн газрыг огцруулах мэдээллийг зохион байгуулалттай тарааж байна. Нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал засгийг огцруулж УИХ-ыг тараах хэмжээнд хүрээгүй гэлээ.

Тэгэхээр Ардчилсан нам УИХ-д 9 суудалтай учраас дангаараа засгийг унагаж чадахгүй нь мэдээжийн хэрэг. Учир нь, хамгийн багадаа 19 гишүүн засгийг огцруулах санал гаргаснаар их хурал хэлэлцэнэ гэж Үндсэн хуульд заасан байдаг. Магадгүй Ж.Эрдэнэбатын 32-ын бүлэг АН-тай санал нэгдэж шинэ засгаас хариугаа авах уу?

Эх сурвалж: Хишигдэлгэр М. udriintoim.mn

SHARE