Д.Загджавыг занахын учир…

 

 

Өнгөрсөн долоо хоногоос хойш хэвлэлийн од болоод байгаа хүн бол Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Загджав юм. Оюутолгойг олборлогч Рио Тинтогийн талаар хэлсэн хэдэн үг нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын уурыг хүргэв.

Тэрээр “…Манай яамны дэд сайд Д.Загджав Оюутолгойн үйл ажиллагааг зогсоох ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн. Гэхдээ энэ нь манай яамны, сайдынх биш. Мөн Засгийн газрын байр суурь ч биш гэдгийг хэлье. Хэрэв дэд сайд Д.Загджав Засгийн газрын байр сууринаас өөр асуудлыг олон нийтэд дахин түгээвэл энэ хүнийг эргүүлэн татах талаар би Засгийн газрын хуралдаанд оруулах болно” гэв. Араас нь зарим хэвлэл Д.Загджавыг “…Үл бүтэх этгээд” гэж байгаад баахан гөвлөө.

Д.Загджав сайд бол улстөрд шинэ хүн биш. Юм юм үзсэн толгой. Тэр утгаараа “үл бүтэх” байж болох л юм. Гэхдээ Д.Загджав чухам юу хэлснийг бид ухаж бодох ёстой юм.

Яг үнэндээ Оюутолгойн гэрээ Монголд ашиггүй болсон гэж толгойтой бүхэн яриад бараг арван жил болж байна. Энэ “хэрэг”-ээр С.Баяр, С.Баярцогт, Л.Гансүх зэрэг хүмүүсийг бас л арван жил буруутгаж, аль хэдийнэ “яллачихаад” байгаа.

Тэгээд ч бодит байдал Монгол ашиггүй л байгаа. Д.Загджав хэлсэн байна. “…Оюутолгойн үйл ажиллагааг зогсоох ёстой. Энэ бол Монгол Улсын уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдын мэдэгдэл. Ард түмнийхээ өмнөөс хийж байна.

…Тэвчээрт хязгаар бий. Энэ бол Монголын ард түмний санаа бодлын илэрхийлэл юм. Би “Рио Тинто” компанийг Монголын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахыг шаардаж байна. “Оюутолгой” компани хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн зарим үүргээ биелүүлэхгүй ирлээ.

…Монгол Улсад цахилгаан станц барьж байгуулах ёстой байсан ч үүнийгээ хэрэгжүүлсэнгүй. Цаашид зэс хайлуулах үйлдвэр яасан бэ. Гурван сая тонныг концентраци хэлбэрээр нь гаргасаар байна.

…Зарим нэг хүмүүсийг ажилд авсан, томилсон төдий хэмжээний ажлын байр босгосноос өөр зүйл хийхгүй байна. Яагаад Ханбогд сумыг хот болгож болохгүй байгаа юм бэ. Манай баялгаар хөрөнгө босгож, тэрбум тэрбумаар нь олж байгаа хэрнээ манайд яагаад оруулахгүй байгаа юм бэ. Тэд 5-6 тэрбум ам.доллар босгочихоод 1.0 тэрбум ам.долларыг нь л Монгол руу оруулсан байна

…Дубайн гэрээ  ашиггүй гэрээ болж, гадныхан хожсон. Зэсийн үнэ өсөж, 2018 онд 8000 ам.доллар хүрэх төлөв ажиглагдаж байна. Тиймээс бид “Оюутолгой” компанийг Монгол Улсын хуулийн этгээдээр бүртгэж, үр өгөөжийг нь нэмэгдүүлж, ирээдүйд чиглэсэн бодлогоор эдийн засгаа сайжруулах шаардлага тулгараад байгааг албан ёсоор мэдэгдэж байна.

…Намайг албан тушаалаас эргүүлэн татна гэдэг дан ганц Д.Сумъяабазарын өөрийнх нь байр суурь. Би бол Монгол Улсын иргэн бүрийн эрх ашгийг хамгаалсан. “Оюутолгой” Монголынх биш Канадынх болоод удаж байна.

…Дэлхийн зах зээл дээр Монгол Оюутолгой гэж байдаггүй. Иймд энэ асуудлыг зогсоож, Оюутолгойгоо Монголынх болгомоор байна. Нийт ард түмний эрх ашгийн өмнөөс би үзэх болно. “Туркойз Хилл” гэдэг чинь Оюутолгой гэдэг англи үг. Манайд орж ирж байсан “Рио Тинто”-гийн охин компани болох “Айвенхоу Майнз” бол Канадад бүртгэлтэй “Оюутолгой”-н охин кампани юм. Гэтэл Дубайн гэрээний дараа “Айвенхоу Майнз” нэрээ “Туркойз Хилл” болгоод сольчихсон.

…Канадын “Оюутолгой” компани дэлхийн олон улсад олборлолт хийдэг, манайх Канадын “Оюутолгой” компанийн түүхий эд бэлтгэх бааз болоод байна. Монголын Оюутолгой бол зүгээр л нэг төслийн жижиг нэгж. Тэд зардлаа өсгөж, ашиггүй ажиллаж байгаа мэт боловч Монгол Улсын баялгийг цөлмөх зорилготой” гэж хэлсэн байна.

Сайд Д.Загджавын яриаг “Рио Тинто” бол үгүйсгэж магадгүй. Энэ асуудалтай холбоотойгоор Канадаас хамаг томчууд нь ирээд хуралдаж байгаа тухай мэдээлэл бий.

Тэгээд ч өчигдөр /2018.1.15./ Монгол Улсын Татварын ерөнхий газраас ”Оюутолгой” компанид 150 сая ам.долларын татварын акт тавьсан тухай мэдэгдэл хүлээж авсан талаараа тус компанийн хувьцаа эзэмшигч ”Туркойз Хилл Ресурс” өчигдөр мэдэгдлээ.  “Оюутолгой” компанид 2013-2015 оны хооронд явуулсан аудитын шалгалтын дүнд Татварын ерөнхий газар тус компанийг төслийн эхний үе шатанд албан татвар дутуу төлсөн болон бусад санхүүгийн зөрчил гаргасан хэмээн татварын акт гаргасан нь энэ. Харин ”Туркойз Хилл Ресурс”-ын зүгээс ”Оюутолгой ХХК төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд (Гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн гэрээ), Монгол Улсын хууль дүрэмд заасны дагуу шаардлагатай бүх татвар, хураамжийг төлж барагдуулсан. Оюутолгой компани Татварын ерөнхий газраас гаргасан актыг дүгнэн хэлэлцээд, хуулийн хугацаанд хариу мэдэгдэнэ” гэсэн тайлбар гаргасан байна.

Энэ бүхэн Д.Загджавын үг хэр зэрэг үнэний ортойг хэлээд байгаа юм.

Гэтэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар юунд ингэтлээ уурсав аа. Ер нь Засгийн газрын бодлого гэж юу юм бэ гэж эрхэм сайдаас асууя. Хариултыг нь ч хэлье. Засгийн газрын бодлого гэж У.Хүрэлсүхийн юм уу, Д.Сумъяабазарынх байдаггүй юм. Харин Д.Загджав сайдын хэлсэнчлэн ард түмэн хүсч байгаа, ард түмэн хүлээж байгааг Засгийн газрын бодлого гэдэг юм.

Тиймээс Д.Загджав хэн гэдгийг биш, юу хэлэв, юуг хөндөв гэдгийг ард түмэн анхааралтай харж байгааг манай Засгийн газар болгоох биз ээ.

Эх сурвалж: www.news1.mn Б.Гарьд

SHARE