“У.Хүрэлсүхийн Засгийн газар утаагүй зуухныхаа мөнгөнд явжээ”

Идэр ес тачигнасан хөхөө өвлийн Улаанбаатарын утаа улс төрийн халуун сэдэв болж байна. Утаа яриагүй улстөрч үлдсэнгүй.

Энэ Засгийн газрыг овоо дөнгүүр шийдэл гаргах болов уу гэтэл өнөөх утаагүй зуухаа яриад унав. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат нь энэ сарын 11-нд УИХ-ын чуулганы хуралдаан дээр “…Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд өмнө Засгийн газар үндэсний хөтөлбөр баталсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд 194 арга хэмжээ хэрэгжихээр байгаа. Утааг бууруулахын тулд тодорхой зорилтот хэсэгт утаа бага гаргадаг зуух түгээх өөр замгүй” гэж хэлнэ лээ. Үнэхээр ч өөр зам тэд олсонгүй.

Ингээд утаагүй зуухныхаа үнэ өртгийг олохоор БНСУ-ыг зорив бололтой. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрынхаа долоон сайдыг дагуулаад БНСУ-д айлчлахаар өнгөрсөн даваа гариг /2017.1.15./-т нисэв. Айлчлал үргэлжилж байна.

БНСУ манайд 700 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болсон байна. Үүний 500 саяыг нь утааны эсрэг зарцуулах гэнэ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд бараалхах үеэрээ “…ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Засгийн газар 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгож буйд талархал илэрхийлж зээлийг Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг шийдвэрлэхэд ашиглах хүсэлтэй байна” гэв.

Энэ талаарх мэдээллийг үзсэн хүмүүс “…У.Хүрэлсүхийн Засгийн газар утаагүй зуухныхаа мөнгөнд явжээ” гэцгээж байна. Нээрэн ч 700 сая ам.долларыг долоон сайдтайгаа хамт дамжилж авчрах хэрэгтэй биз ээ.

Эх сурвалж: www.news1.mn Н.Маргад

SHARE