Шатахын зовлонгүй ганц бизнес бол шатахуун импортлох юм байна

Бизнес эрхэлнэ гэдэг айхтар ажил. Эдийн засгийн мэдлэг, цаг үеийн мэдээллээ байнга шинэчилж байхгүй бол дампуурна. Шатна ч гэж хэлдэг юм.

Ер нь тэгээд шатдаггүй бизнес гэж үгүй гэж том бизнесмэнүүд дандаа ярьдаг юм. 1990-ээд оны ганзаганыхан бол “дарвайтлаа” шатаж байсан түүхээ их ярина.

Зах зээлийн нийгэмд шилжиж, Монгол Улс гадаадаас бүх бараагаа импортолдог болсон 28 жилийн туршид ийм “шаталт” байсаар л ирсэн. Хүн болгон талх шиг хэрэглэдэг спиртийн наймаанд хүртэл шаталт байлаа.

Одоо бол уул уурхай, барилга гээд бүтээн байгуулалтын ажил хүртэл шатаж л байна. Ингэж бизнес нь шатаж, бид дагаж хямраад л… Ийм л цаг үе дундуур Монгол Улс туучиж явна.

Харин Монголд шатдаггүй, дампуурдаггүй ганц бизнес байгааг өнөөдөр мэдэрлээ. Тэр нь шатахуун импортолдог бизнес. Шатах ч аргагүй юм байна.

Дэлхийн зах зээл дээр нефтийн бүтээгдэхүүний үнэ өсөх, Монголд валютын ханш нэмэгдэхэд төрд өргөдөл бичээд татаас аваад тогтворжино. Хэрвээ Засгийн газар татаас өгөхгүй бол шатахууны үнэ нэмчихнэ. Татаас гэдэг та бидний татварын мөнгө л гэсэн үг.

Долоон жилийн өмнө шатахуун импортлогч хэдэн компани татаас өгөөгүй Засгийн газрыг эсэргүүцэж шатахууныхаа литр тутмыг 200-300 төгрөгөөр нэмсэн байдаг. Харин ШӨХТГ тэднийг үгсэн хуйвалдаж ийм алхам хийлээ гэж 17 тэрбум төгрөгөөр торгосон юм. Гэтэл ШӨХТГ-ын шинэ дарга томилогдож очоод тэр торгуулийг хүчингүй болгочихож билээ.

Одоо бас тэд Засгийн газарт “санал” тавьчихаад байна. 260 тэрбум төгрөгийн татаас өг гэчихээд байгаа. Өгвөл 50 төгрөгөөр, өгөхгүй 300 төгрөгөөр нэмэгдэнэ гэв. Энэ татаасыг Засгийн газар өгөөгүй учир шатахууны үнэ нэмэгдээд эхэлсэн. Бас хомсдол үүсээд байгаа юм.

Яах юм, бид нар. Шатахуун импортлогчид гуравхан өрөд “колонк”-оо хаахад л хямраад дуусч байгаа биз дээ.

Одоо харж байгаарай. ШӨХТГ томроод л байна. Шатахууны компаниудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно. Тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэнэ гэж байна. Чадахгүй л байхгүй юу.

Угаасаа Монголдоо монополь болчихсон, шатахын зовлонгүй ганц бизнесийг бид ч, төрч яаж ч чадахгүй.

Эх сурвалж: www.news1.mn С.Санаа

SHARE