Баяраас баярын хооронд дэвэх Монгол мину

 

Улс баларчээ. Ер нь аль эрт баларсан юм. Гадаад дотоод өр нь лийлдэхээ больсон. Хүн ам нь туйлын ядуу. Уул уурхай, бусад баялгийг хэдхэн хүн эзэмшдэг. Хууль дээдлэхээ тухай ярих чё хэрэггүй болсон. Төр нь үүдэнд, түмэн нь хог дээр гарсан “хогийн” улс боллоо.

Өнөөдрийн Монголд маань ингэж хэлэх хүн захаас аваад зөндөө бий. Бүр бүгдээрээ ч хэлж мэднэ. Гэхдээ аливаа юм хоёр талтай гэдэг энд харагдаад байх шиг ээ.

Ганцхан төрлийн үйл явдлаас л харъя. Манай Монголын баяр цэнгэлийн арга хэмжээ дэндүү олон. Бүх баяраа хуульчилсан. Цагаан сар, Эх орончдын өдөр, Март-8, Цэргийн баяр, Хүүхдийн баяр, Баяр наадам, Чингис хааны төрсөн өдөр, Үндэсний эрх чөлөөь тусгаар тогтнолын өдөр, Шинэ жил гээд олон хоног албан ёсоор амардаг өдрүүд бий. Хажуугаар нь элдэв бусын салбар, байгууллагуудын түүхт ойн өдрүүд тасрахгүй. Үүнээс гадна төрсөн өдөр, байгууллагын орй, хос хоёрын хуримын ой гээд гэр бүлийн, хувь хүний баярууд өдөр алгасалгүй үргэлжилсээр л байгаа гээд бод.

Саяхан шинэ жил болж өнгөрлөө. Баярын арга хэмжээ замаа алдсан. Бүр 20, 30 жилийн өмнө арван жилээ төгсөөд салаад явсан ангийнхан, төгсөлтийнхөн шинэ жил хийж байгаа дуулдав. Хамаатнаараа, найзуудаараа, фейсбүүкийн группээрээ гээд солиорсоон, солиорсон.

Хамгийн гол нь 12 дугаар сар гар гараад л Улаанбаатарын хэдэн супермаркет хөл гишгэх зайгүй байсаар он гаргасан байх. Е-Март сүлжээ дэлгүүр Монголд орж ирээд бусад нь “будаа” боллоо гэж яригдсан. Энэ сүлжээ өнгөрсөн онд 3-р хороололд салбараа нээхээр нь сүлжээ дэлгүүр, супермаркетын зах зээл монопол боллоо гэж харагдсан. Гэтэл үгүй байна. Шагдарсүрэн гуайнхны “Номин”, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын “Оргил”, бас “Сансар” зэрэг хамгийн олон сүлжээтэй дэлгүүрүүд мөн л адилхан өнжив. Худалдан авагчид хахчихсан. Яг үнэнийг хэлэхэд дэлгүүрт орохоор дээр хэлсэн “баларсан” бодлууд, мэдээллүүд худлаа байна гэж бодогддог юм шүү.

Одоо цагаан сар болно. Манайхан үнэтэй үнэтэй торгон дээл хөөргөж бүслээд, Буянгийн Жагаагийн хэлдгээр том том “чулуу” өвөртлөөд айл хэснэ. Цагаан сараар муу ёрлодоггүй. Ерөөл хэлдэг. “…Улс минь баян, би баян тарган, тэгш сайхан байна” гээд л сайхан үгс зөндөө хэлэлцэнэ. Тийм байна гэж сэтгээд хэд хоног хундага юм татаж, баахан бууз иднэ дээ. Тэгээд хэдрхэн хоноод эмэгтэйчүүдийн баяр Март-8 болно. Хүүхнүүд навсайтал баярлана. Нөхөр нь, найз залуу, найз банди нь, ажлын эрчүүд, ангийн хөвгүүд нь яаж баярлуулах нь вэ гээд өнөөх хэдэн хүүхэн чинь хараад суучихна. Эрчүүд нь халаасаа сэгсэрнэ. Дараа нь Цэргийн баяр болно. Цэрэгт явсан яваагүй, болсон болоогүй эрчүүд хариу хүлээгээд сууна. Энэ бүхний цаана өнөөх мөнгө, томоор яривал эдийн засаг л явж байгаа юм.

Хамгийн гол нь энгэ бүх баярын цаана улс төр бас явна аа. Одоо утаа гэж Ерөнхийлөгчөөс эхлээд, хог түүдэг хүн хүртлээ сэтгэл зовнин ярьж байна. Цагаан сар болно. Цагаан сараар муу юм ерөөсөө ярьж болохгүй. Энэ баяраар олон хоног амарна. Тэр үеэр ес дуусч, ердийн дулаан ойртоно. Утааг улс даяараа мартна. Бас тэгээд саяын шинэ жилийн өмнө УИХ-ын гишүүн Д.Мурхатын асуудал босч ирээд баярын уулганд нам цохиулж байх шиг байна. Цагаан сараар яваад ирэхэд утаанаас гадна Д.Гантулга, Д.Мурат, бас бус муухай юмыг таг мартацгаана.

Өнөө маргаашгүй шатахууны үнэ нэмэгдэнэ. Монгол хүн цагаан сараа тарчиг тэмдэглэвэл муу ёр гээд цалин, тэтгэврийн зээл, самнаагүй байгаа ямааны ноолуур, гараагүй байгаа малын төлөө барьцаалж байгаад хангалуун гэгч нь баярлацгааж таарна.

Бидний эргэлт ерөөсөө л энэ. Ингэхээр баяраас баярын хооронд дэвэх Монгол мину хэмээн ерөөе. Ерөөл маань биеллээ олох болтугай гэж…

Эх сурвалж: www.news1.mn С.Санаа

SHARE