Муу болгоныг энэ “гар”-аар хийлгэдэг боллоо

 

С.САНАА

Дээхнэ, оюутны байрны маань гал тогоонд нэг иргүй заазуур байдаг байв. Оюутан болгон хэрэглэнэ. Хөлдүү мах, хөлдөөсөн сүү, ер нь бүх зүйлийг балбаж нүдэж байдаг болохоор ир гээд байх юмгүй. Тэр заазуураар цохиж байгаад хаалгаа хүртэл хадчихна. Эмтэрхий гэж жигтэйхэн. Тэгж тэгж хаашаа ч юм алга болсон санагддаг юм. Магадгүй, хуга үсрээд хогийн саванд шидэгдсэн байх.

Энийг ярьсан нь учиртай. Жишээд бодохул иймэрхүү явдал Монголын улс төрд болоод байна. О.Баасанхүү гэдэг УИХ-ын гишүүн бий. Хоёр сонгогдсон гэж даналздаг юм. Эхнийхэнд нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын оймсонд хавчуулагдаад орж ирсэн гэж Ц.Нямдорж сайд хэлдэг юм. Тэр үнэн. Хоёр дахид нь АН-ын арчаагүй нөхөд Эрдэнэтийн хувьцааны талаарх мэдээллийг зөв өгөөгүйгээс О.Баасанхүү тэр дундуур гүйгээд гарчихсан байдаг. Гэхдээ яалт ч үгүй Эрдэнэтийнхний сонголт л доо.

Ингээд О.Баасанхүү зургаа дахь жилдээ эрхэм гишүүн гэдэг сэтэртэй амьдарч байгаа юм. Бас ч гэж хувь заяатай хүн юм.

Гэхдээ энэ хүн сүүлийн үед Монголын төрд гай болж магадгүй харагдаад байдаг болов. Учир нь хэн нэгэн “цаадах хүмүүс” муу болгоныг О.Баасанхүүгээр хийлгэдэг болчихлоо.

Номыг нь сурдаггүй юм бол номхоныг нь сур гэдэг айхтар чамбай үг бий. О.Баасанхүүд хэлмээр үг. О.Баасанхүү зургаан жил УИХ-ын гишүүнээр ажиллахдаа яг ямар, хэдэн хууль санаачилсан бэ. Тоолоод байхаар хууль санаачилсан уу. Үгүй л болов уу. Харин энэ хооронд үймээн самуун дэгдээж, хов жив ярьснаараа бол хэвлэлийн од болсон хүн.

Түүнтэй хүн чанарын тухай бол үг солиод нэмэргүй. Нэгэн цагт оймсноос нь зүүгдэж явсан Н.Энхбаяр даргыгаа ажлаас нь чөлөөлөх ажлыг гардан гүйцэтгэсэн. Яг үнэндээ Н.Энхбаяр бол О.Баасанхүүдээ бурхан нь байхгүй юу. Гэтэл ийм ажлыг “цаад хүмүүс”-ийнхээ захиалгаар хээвнэг хийж гүйцэтгэж байгааг нь харлаа. “Цаад хүмүүс”-ий захиалгаар тэрбум шахам төгрөг зарцуулж Төрийн ордонд тусгай хамгаалалт дор хурал цуглаан хийлгэсэн.  Одоо О.Баасанхүүгийн хийсэн ажлыг шүүх хэрхэн дүгнэх нь сонин байгаа юм. Ийм учраас Н.Энхбаярыгаа намналцаж байгаа О.Баасанхүүтэй хүн чанарын тухай ярих хэрэггүй гэж байгаа юм. Юун бурханы номлол? Зүгээр л нийгэм дэх бие хүний төлөвшлийн тухайд маш асуудалтай нь харагдаж буй юм.

Хамгийн сүүлд Тагнуулын дарга асан Б.Хурцыг Элчингээр томилох чуулганыг хаалттай хийх горимын саналыг О.Баасанхүү л гаргаж харагдав. Б.Хурц, О.Баасанхүү хоёрыг ингэтлээ ижилдсэн найзууд гэдгийг мэдэхгүй юм. Харин энэ үйлдэл нь бас л “цаад хүмүүс”-ийнх нь захиа даалгавар гэж харагдаад байгаа. Тэр бараг л үнэн дээ.

О.Баасанхүү маргааш юу ярьж, юу хийхийг мэдэхгүй. Яаж ч магадгүй. Ийм маягаар цаад хүмүүсийхээ гар хөл болсоор л явах байх. Хамгийн гол нь цаад хүмүүс нь өөрсдөө ил гарах боломжгүй маш аюултай зүйлүүдээ мань хүнээр хийлгээд байгааг бид харж байна. О.Баасанхүүгийн хэрэгцээ нь дуусвал цаад хүмүүс нь хэрэглэсэн бэлгэвч шиг л хаячихаад явж одно. Тэр цагт энэ хүн яана даа гэсэн шүү юм санаанд бууж байна. Зүгээр л, ингэж харагдаж байгаа юм.

Эх сурвалж: www.news1.mn

 

 

 

 

SHARE