Япон гаралтай Их Британийн зохиолч Казуо Ишигуро Нобелийн шагналтан боллоо

 

Япон гаралтай Их Британийн 62 настай постмодернист зохиолч Казуо Ишигуро энэ жилийн Утга зохиолын Нобелийн шагналтан болжээ. Нобелийн хороо энэ тухай Шведийн нийслэл Стокхолм хотноо зарлахдаа, “Казуо Ишигуро сэтгэл хөдлөлийн асар их хүч агуулсан романууддаабиднийг дэлхийтэй холбогч хий хоосон мэдрэхүйн дор нуугддаг ангалыг нээж өгсөн” хэмээсэн байна.

Түүний бичсэн найман роман 40 гаруй хэлээр хэвлэгдэн гарчээ. Казуо Ишигурогийн романуудыг нэгтгэдэг гол сэдэв нь хүний ой санамж, дурсамж ажээ. Түүний зохиолын баатрууд хүнд дурсамжтайгаа тэмцэн туулж өнгөрүүлсэн амьдралаа ойлгож дүгнэхийг эрмэлздэг байна.

 

Хэдийгээр түүний романуудихэвчлэн төрөлх Японых нь тухай өгүүлдэг ч Казуо Ишигурог ХХ зууны Английн шилдэг зохиолчдын нэг гэж үздэг аж. Түүнийг уран бүтээлээ төрөлх бус англи хэл дээр туурвин өрнөдийн утга зохиолын сонгодог зохиолчдын тоонд орсон Владимир Набоков, Жозеф Конрадтай нартай зүйрлэх болжээ.

“Намайг хэзээ ч битгий явуул” (“Never Let Me Go”)гэдэг хамгийн алдартай роман нь ”Time” сэтгүүлийн бүх цаг үеийн 100 шилдэг романы жагсаалтад багтсан бол дэлхийн II дайны босгон дээрх Их Британийн нийгмийн амьдралыг ордны зарц байсан нэгэн өвгөний дурсамжаар дүрсэлсэн “Өдрийн үлдэгдэл”(“The Remains of the Day”) ном нь 1989 оны Букерийн шагнал хүртсэн юм.  Энэ романаар сэдэвлэсэн, алдарт Энтони Хопкинс, Эмма Томпсон нарын тоглосон кино 1994 онд “Оскар”-ын найман номинацид нэр дэвшиж байсан билээ.

1954 онд Японы Нагасаки хотноо далай судлаачийн гэр бүлд төрсөн тэрээр эцгийг нь Их Британийн далай судлалын их сургуульд ажиллахаар урихад таван настай байжээ. Казуо Ишигуро 1978 онд Кентийн их сургуулийг англи хэл, философийн бакалавр зэрэгтэйгээр төсч, улмаар 1980 онд Зүүн Английн их сургуульд урлагийн магистр зэрэг хамгаалжээ.

1982 онд Их Британийн иргэн болсон тэрээр дөрвөн жилийн дараа мэргэжил нэгт Лорне Макдугаллтай гэрлэсэн бөгөөд өдгөө эхнэр, охин Наомигийн хамт Лондонд амьдардаг юм байна.

Эх сурвалж: news1.mn Б.Түшиг

SHARE