Улсын төсвөөр хайгуул хийсэн Багануурын ордыг “Алтайн гянт”  гэдэг хувийн компани авахыг санаархаж байна

П.МАНДАХ

“Багануур” ХК. Энэ компани Монгол Улсын нүүрсний хэрэглээний 60 хувь, эрчим хүчний нүүрсний 70 хувийг дангаараа хангаж ирсэн. Ер нь Улаанбаатарын гэрэл, дулаанаар хангах үйлсэд дөчөөд жил зүтгэж буй юм.

Энэ төрийн өмчит компани жилд 4-6 сая тонн нүүрс гаргах хүчин чадалтайгаар байгуулагдаж байжээ. Харин одоо нүүрсний хэрэг­цээг хангах зорилгын хүрээнд жилдээ хязгаарлагдмал байд­лаар буюу 3.8-3.9 сая тонн олборлож байгаа аж.

Тэгвэл “Багануур” ХК-ийн олборлолт явуулдаг Багануурын орд газар хувийн нэгэн компанийн мэдэлд шилжиж магадгүй болоод байна.

Түүх сөхвөл, улсын төсвөөр энэ орд газарт 1974-1975 онд хайгуулын ажил, 1988-1989 онд гүйцээх хайгуулын ажил, 2014-2015 онд нэмэлт хайгуулын ажил нөөцийг нь тогтоож байв.

Гэтэл  2006 оны арваннэгдүгээр сарын 6-нд тухайн үеийн АМГТХЭГ Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Баруун хонхор нэртэй газарт хайгуул хийх 12164Х дугаартай тусгай зөвшөөрлийг “Алтай голд” ХХК-д олгожээ. Баруун хонхор бол Багануурын орд газарт  харьяалагддаг газар аж.

Улмаар үүнээс ганцхан жилийн дараа буюу 2007 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдрийн АМГТХЭГ-ын Геологи уул уурхай, кадастрын хэлтсийн даргын 2375 дугаар шийдвэрээр 12959А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл олгочихсон байна. Тэр үед АМГТХЭГ-ын даргаар одоогийн УИХ-ын гишүүн Лу.Болд ажиллаж байсан байгаа юм.

Ингээд “Алтай голд” ХХК ашиглалтын лицензтэй болж аваад түүнийгээ 2010 оны есдүгээр сарын 1-нд “Алтайн гянт” гэдэг ХХК-д зарсан уу яасан, шилжүүлчихсэн байна.

Ийн улсын төсвөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон орд газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгож, ганцхан жилийн дотор түүнийг нь ашиглалтынх болгож өгсөн. Энэ тусгай зөвшөөрлөө эзэмшигч компани нь бусдад шилжүүлсэн гэсэн үг.

Харин үүнийг нь 2012 оны аравдугаар сарын 23-нд АМГ-ын даргын 616 дугаар тушаалаар хүчингүй болгожээ.

Үүнээс хойш Багануурын ордыг тойрсон “Багануур” ХК ба “Алтай голд” ХХК, “Алтайн гянт” ХХК, мөн АМГТГ гэсэн талууд харилцан шүүхдэлцсээр өнөөдрийг хүрчээ.

Хамгийн гол нь маргааны гол бай болсон Баруун хонхор хэмээх газар нь Багануурын хүрэн нүүрсний орд бүхий газарт байдаг бөгөөд “Багануур” ХК-ийн 1371А, 13631А, “Алтайн гянт” ХХК-ийн  12959А тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайг хамаарч байгаа аж.

Уг нь Ашигт малтмалын тухай хуульд “…Улсын төсвөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон ордод хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй” гэж заасан. Гэтэл хайгуул байтугай ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон байгаа юм.

Шүүхэд очсон баримтуудаас харахад Багануурын нүүрсний ордын нөөцийг нарийвчилсан болон гүйцээх хайгуулыг 1974-1975 оны хооронд хийж, тайланг 1977 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн хуучнаар ЗХУ, БНМАУ-ын хамтарсан нөөцийн комиссоор хэлэлцэж, нөөцийг батлан улсын нэгдсэн бүртгэлд оруулсан. 1988-1989 онд БНМАУ-ын Төвийн геологи хайгуулын экспедиц гүйцээх хайгуулаар ордын нөөцийг шинэчлэн тогтоосон байдаг. Уг хайгуулын ажлуудаар 2007 оны арваннэгдүгээр сарын 10-нд “Алтай голд” ХХК-д олгосон 12595А тусгай зөвшөөрөлтэй талбайд нийт 183 цооног өрөмдөн тогтооход ашиглажээ. 1974-1975 онд Багануурын нүүрсний ордын хайгуулаар 469 цооног өрөмдөж балансын нөөцийг 303.7 сая тонн, балансын бус нөөцийг 296.1 сая тонноор тогтоосон. 1986-1989 онд хийгдсэн гүйцээх хайгуулаар 125 цооног нэмж өрөмдөн балансын нөөцийг 512.8 сая тонн, балансын бус нөөцийг 195.4 сая тонноор тогтоосон. “Багануур” ХК болон АМХЭГ-ын хооронд 1999 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр “Улсын төсвөөс хайгуулын ажилд зарцуулсан зардлыг нөхөн төлөх тухай” гэрээ байгуулсан. “Багануур” ХК хайгуулын зардлыг нөхөн төлсөн тул уг гэрээг дүгнэж акт үлдсэн байдаг ажээ.

2014 онд ЭХЯ-наас шинээр байгуулагдах ДЦС-5, Багануурын ЦС-уудын хэрэгцээ нүүрсийг “Багануур” ХК-иас хангахаар тооцож, Багануурын нүүрсний ордын геологийн нөөцийг баталгаажуулах нэмэлт хайгуул хийх, уурхайг ашиглах ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг Дэлхийн банкны санхүүжилтээр хийхээр шийдвэрлэсэн. Дээрх ажлын хүрээнд 2014-2015 онд нийт 2.3 сая ам.долларын санхүүжилтээр Багануурын ордын нэмэлт хайгуулыг хийж, ордын нийт нөөцийг сая тонноор тогтоосон.

Үүнээс “Алтайн гянт” ХХК-ийн эзэмшиж байсан маргаантай 12959А талбайд 430.2 сая тонн нүүрс байгааг тогтоосон байгаа юм. 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар уг нэмэлт хайгуулын ажлын тайланг хэлэлцүүлж, нүүрснийн нөөцийг 47,309.13 мян.тн-оор хүлээн авч бүртгэхээр болжээ. Өөрөөр хэлбэл, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар нэмэлт хайгуулын ажлаар тогтоосон ордын нийт сая тонн нүүрсний нөөцийн 53% буюу 430.2 сая тонн нь “Алтайн гянт” ХХК- ийн эзэмшиж байсан маргаантай 12959А тусгай зөвшөөрөлтэй талбайд оршиж байна гэж үзэн нэмэлт хайгуулын үр дүнд тогтоосон ордын нүүрсний нөөцийг бүрэн баталгаажуулаагүй үлдээсэн байна.

Улмаар АМГ-ын даргын 2015 оны 08 дугаар сарын 18-ний өдрийн Н/90 , Н/91 тоот тушаал гарч Багануур ХК-ийн МХ-013631 болон МХ/-001371 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хамаарагдах нөөцийг Ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэхийг зөвшөөрсөн. Засгийн газрын 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 392 тоот топгоолоор улсын төсвийн хөрөнгөөр геологийн судалгаа хийх, ашигт малтмал эрэх, хайх зорилгоор стратегийн ач холбогдол бүхий Багануурын нүүрсний ордын талбайг нөөцөд авахаар заасан. “Багануур” ХК нь Ашигт малтмалын хууль гарсантай холбогдож анх 1998 онд 1371А тусгай зөвшөөрлийг авсан бөгөөд тухайн үед компанийн санхүүгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалж тусгай зөвшөөрлийг ордын хэмжээгээр авч чадаагүй байжээ.

Гэтэл энэхүү нөхцөл байдлыг ашиглан “Алтай голд” ХХК нь улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдэж нөөц нь тогтоогдсон ордын хэсэг талбайд хайгуулын зөвшөөрөл авахдаа Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлагдсанаас хоёрхон хоногийн дараа буюу 2006 оны 7 дугаар сарын 10-нд АМГТХЭГ-ийн ГУУКА-нд Багануурын нүүрсний орд дээр хайгуулын тусгай зөвшөөрөл авах өргөдөл гаргасан байна. Харин АМГТХЭГ нь 2006 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 7-3739 тоот албан мэдэгдэлдээ уг талбай дээр хайгуулын тусгай зөвшөөрөл өгөх боломжтой, “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу уг талбаид ашигт малтмал хайх үйл ажиллагаа явуулах талаар тухайн аймгийн Засаг даргын саналыг авсан байх шаардлагатай тухай мөн мэдэгдсэн байдаг.

2006 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр манай 1371А тусгай зөвшөөрөлтэй хил залгаа улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдэж нөөц нь тогтоогдсон ордын хэсэг талбайд хайгуулын ажил хийх 12164Х тусгай зөвшөөрлийг олгох “АМГТХЭГ-ын ГУУКА-ны даргын 7-5382 тоот шийдвэр гарсан ба Алтай голд ХХК тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлснөөр 2006 оны 11 дүгээр сарын 06-нд 12164Х хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон байдаг. Хэдийгээр Алтай голд ХХК тусгай зөвшөөрөл авах өргөдлөө шинэ хууль мөрдөж эхлэхээс өмнө гаргасан боловч Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 8 дугаар зүйлд 2006 оны 7 дугаар сарын 08-ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө ирүүлсэн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шинэ хуулийн дагуу шийдвэрлэнэ гэж заасан тул “Алтай голд” ХХК-иас ирүүлсэн өргөдлийг шинэ хуулийн дагуу шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл “Алтай голд” ХХК-д Багануурын нүүрсний ордын хэсэг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байдаг. “Алтай голд” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрөл авахдаа Багануур дүүргийн Засаг даргаас бус Төв аймгийн Засаг даргаас албан ёсны дэмжсэн санал авснаар материал бүрдүүлж өгсөний дагуу АМГТХЭГ-аас “Алтай голд” ХХК-д Төв аймгийн Баяндэлгэр сумын Баруун хонхор нэртэй газар хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байна.

Гэтэл Төв аймгийн Засаг дарга Ц.Энхбат нь “Багануур” ХК-д ирүүлсэн 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01/1577 тоот албан бичигтээ “Бид зөвшөөрөл хүссэн санал өгөх мэдэгдэлтэй танилцаад тухайн талбай нь батлагдсан хилийн цэсээр Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг дэвсгэрт харьяалагдахгүй тул уг саналыг дэмжих боломжгүй гэсэн хариу өгсөн” гэсэн байна. Иймд “Алтай голд” ХХК нь Төв аймгийн Засаг дарга дэмжиж зөвшөөрөл өгсөн мэтээр хуурамчаар баримт бүрдүүлж тусгай зөвшөөрөл авсан нь байж болзошгүй баримтууд нэлээд байдаг ажээ.

Мөн “Багануур” ХК-ийн 1371А, 13630А, 13631А ашиглалтын тусгай зөвшөөрлүүд нь бүгд Улаанбаатар хотын Багануур дүүргийн Нарийны тал нэртэй газар оршиж байгаа нэрээр олгогдсон бол 13631А тусгай зөвшөөрлийн талбайтай давхцаад байсан 12959А тусгай зөвшөөрөл нь Төв аймгийн Баяндэлгэр сумын Баруун хонхор нэртэй газар оршиж буй ажээ. Өөрөөр хэлбэл, хоёр өөр нутаг дэвсгэрийн харьяалалаар нэг газрыг хоёр өөр нэрээр олгосон болж таараад байгаа юм.

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах журмын 25.1.5-д хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр, 25.1.6-д хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт зэргийг үндэслэн ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоно гэж заасан байдаг.

“Алтай голд” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөлд үндэслэн ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын тухайн үеийн АМГТХЭГ-т гаргасан 2007 оны 6 дугаар сарын 12-ний өдрийн 05/70 тоот албан бичигт “Алтай голд” ХХК нь манай сумын нутагт 12164Х тоот лиценз Байгаль орчныг нөхөн сэргээх ажлын төлөвлөгөө батлуулан биелүүлж ажиллаж байгаа болно” гэх тодорхойлолтыг ашигласан байж болзошгүй байгаа юм.

Гэтэл Төв аймгийн Засаг дарга “Багануур” ХК-нд ирүүлсэн 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01/1577 тоот албан бичигтээ “Бид зөвшөөрөл хүссэн санал өгөх мэдэгдэлтэй танилцаад тухайн талбай нь батлагдсан хилийн цэсээр Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг дэвсгэрт харъяалагдахгүй тул уг саналыг дэмжих боломжгүй” гэсэн хариу өгсөн байдаг нь Баяндэлгэр сумын Засаг дарга нь тухайн үед шаардлагатай лавлагаа, тодруулга хийхгүйгээр үндэслэлгүйгээр тодорхойлолт гаргаж өгсөн нь харагддаг гэдэг.

Баяндэлгэр сумын Засаг даргаас тодруулахад тухайн үед зохих газруудаас лавлагаа тодруулга авалгүйгээр тодорхойлолт гаргаж өгсөн тухайгаа тайлбарласан.

Мөн Багануур дүүргийн Засаг даргаас “Алтай голд” ХХК нь Багануур дүүргийн нутаг дэвсгэрт 12164Х тоот лиценз эзэмшдэг бөгөөд байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээлтийн ажил хийдэг гэсэн тодорхойлолтыг гаргуулан авсан байна. Багануур дүүргийн Засаг дарга АМГТХЭГ болон “Багануур” ХК-иас мэдээлэл, лавлагаа авалгүйгээр ямар ч үндэслэлгүй тодорхойлолт гаргаж өгсөн байдаг. “Алтай голд” XXК нь Багануур дүүргийн Засаг даргад хайгуулын болон ашиглалтын зөвшөөрөлтэй холбогдох тодорхойлолт авахаар хандаж байсан эсэх талаар лавлагаа авах зорилгоор “Багануур” ХК нь 2011 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2/10 тоот албан бичиг, 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 04/980 тоот албан бичгийг явуулж байсан. Багануур дүүргийн Засаг дарга болон ЗДТГ-т ямар ч албан бичиг ирүүлж байгаагүйг 2011 оны 02 дугаар сарын 4/05 тоот, 2015 оны 10 дугаар сарын 3/293 тоот албан бичгүүдээр мэдэгдсэн. “Алтай голд” ХХК нь Багануурын нүүрсний ордод нэг ч цооног өрөмдөж хайгуул, нөхөн сэргээлтийн ажил, ашиглалтын ямар нэг үйл ажиллагаа явуулж байгаагүйг “Багануу”р ХК-д ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа удирдлагууд, геологи, технологи, маркшейдер инженерүүд баталдаг. Иймээс “Алтай голд” ХХК нь хууль бусаар 12959А тусгай зөвшөөрлийг авсан байх үндэслэлтэй гэхээр ажээ.

Энэ мэтчилэн Багануурын ордыг тойрсон маргаан шүүхээр явж байна. Төр ордоо хувийн компанид алдчихсан. Тэрийгээ авах гээд шүүхдэлцэж байна гэсэн үг.

Сар гаруйн өмнө дөө, “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Номинчулуун “…манай лиценз бас маргаантай байгаа. Наймдугаар сар гараад шүүх хурал болно байх. Асуудал яаж шийдэгдэх юм бүү мэд. Манайд байсан лицензийг өөр хүнд ашиглалтын лиценз хэлбэрээр шилжүүлсэн байхад итгэхэд хэцүү л юм байна. Хувьчилж авахаар санаархаж байсан хүмүүс л тийм зүйл хийсэн. Хэцүү юм билээ. Улсын үйлдвэрийг тэгж үнэгүйдүүлж авахыг санаархана гэдэг бол хэн хүний хувьд хийчих амар зүйл биш байж таараа” гэж хэвлэд ярьсан байна. Энэ хүн ингэж ярина гэдэг Багануурын нүүрсний ордын хувь заяа амаргүй нөхдүүдийн гар орчихож магадгүй болоод байна гэсэн үг.

Ер нь энэ “Алтайн гянт” ХХК яадаг компани юм бэ, эзэн нь хэн гээч вэ гэдгийг тодруулан сурвалжлах шаардлагатай юм байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын намрын чуулганы нээлтэд үг хэлэхдээ “…Улсын хөрөнгөөр хайгуул нь хийгдэж, нөөц нь тогтоогдсон ордыг хувийн компани, гадаадынхад найр тавьж өгдгийг болиулъё” гэсэн билээ.

Бас Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы индэр дээрээс “…Газрын доорх байгалийн баялаг бол Монголын ард түмний өмч байх ёстой. Үндсэн хуулиндаа ч бид ингэж заасан. Энэ бол миний амьдралын философи. Энэ баялгаас Монголын ард түмэн бүгд хүртэх учиртай. Баялгийн хуваарилалтыг зөв, шударга болгохын төлөө би зүтгэнэ” гэж хэлсэн билээ.

Эх сурвалж: www.polit.mn

SHARE