Элсэн “Эверэст”-ийн дороос эх авдгаараа дэлхийд гайхагддаг ХҮНГҮЙ гол

Улаанбаатар хотоос зорьж ирсэн дотоодын жуулчдын багийнхан.

Завхан аймгийн Хүнгүй гол буюу Хүннү голын тухай энд өгүүлье. Ерөнхий сайд С.Дамдинбазар, Улсын Бага хурлын нарийн бичгийн дарга Баатад Ламжав, Ерөнхийлөгч П.Очирбат, Н.Багабанди нарын эрт эдүгээн төрийн түшээдийн, Б.Явуухулан, Д.Намдаг, Л.Ванган, Б.Цэнддоо, Ц.Бавуудорж нарын үе үеийн Төрийн шагналт зохиолчдын төрж өссөн Завхан аймаг нь элсний нүүдэл шиг чимээгүй урсах, мөрөнгийн энтэй Завхан голоороо нэрлэгддэг.

Завхан гол нь Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэрийн баруун урд өврөөс эх авч 808 км урсан Увс аймгийн баруун хаяаны Айраг нуурт цутгадаг. Завхан голтой мөн адил Айраг нуурт цутгадаг хоёр дахь их усан бол Хүннү буюу Хүнгүй.

Нэрнээс нь харахад энэ гол 2224 жилийн тэртээ Төв Азийн нүүдэлчдээс анх төрт улсаа байгуулсан монголчууд бидний дээд өвөг Хүннүчүүдийн сав нутгийн нэг хэсэг байсныг илтгэдэг билээ. (Иймээс ч Хүннү гэсэн нэртэй болжээ) Хүннү гэсэн үг Хүнгүй болон дуудагдаж, улмаар кирил үсгээр ингэж бичигдэх болов гэдгийг хялбаршуулан тайлбарлая.

Арчих гэсэн үйл үгэнд нэр үг үүсгэх -уур дагавар залгалаа. Арчуур гэсэн шинэ нэр үг гарлаа. Гэтэл бид алчуур гэж ярьдаг, бичдэг. Энэ нь Монгол хэлний авиа ижилсэх, ондооших гэсэн дүрмээр тайлбарлагдана. Үүнтэй ижил төстэй хувилбараар Hungnu (галиглахад Хүннү ийм байна) гэхэд ордог их энхлэгтэй ng-ийн “г” гийгүүлэгч нь ярианы хэлэнд хойд талынхаа “н” гийгүүлэгчийг алга болгосон байна.

Эцэст нь1940-өөд оноос бүх нийтээр кирил үсэгт шилжихэд Хүннү голын нэрийг Хүнгүй гэж бичсээр хэвшжээ. Одоо цагт учрыг үл мэдэх хүмүүс болбоос хүн амьтан огт суурьшаагүй эзгүй гол юм байна ойлгогдох хэмжээнд хүртлээ утга алдуурчээ.

Хүнгүй гол нь Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын хилийн баруун дээс, Завханмандал сумын зүүн хаяны Бор хярын Монгол элсэн манхнаас эх авч баруун тийш довтлогосоор тус сумын төв-Нуга суурингийн араар гарч цааш Ургамал сумын нутгаар дайрч, Увс аймгийн Завхан сумын нутаг хүрч Айраг нуурт цутгадаг.

200 км урт Хүнгүй гол нь элсэн манхан дороос эх авдгаараа дэлхийд гайхагддаг их усан юм. Тив дэлхийн олон газар элсэн манханаас эх авдаг гол мөрөн цөөнгүй тааралддаг.

Харин ийм хол урсдагаараа Хүнгүй голтой эн зэрэгцэх нь огт байхгүй. Тэгэхээр дэлхийн Гиннесийн номд бүртгүүлэхээр эзнээ хүлээж байна гэж үзэж болно. 1990-ээд оны дунд үеэс эхлэн Францын голдуу гадаадын жуулчид “Элсэн Эверест, түүний дороос эх авдаг Хүннү голын гайхамшгийг үзнэ” хэмээн олон зуугаараа тус газрыг зорьдог болжээ.

Сүүлийн жилүүдэд гадаадын төдийгүй дотоодын жуулчид Бор хярын Монгол элс, Хүнгүйн голын эхийг зорин ирж саатах нь уламжлал боллоо.

Б.Ерэнтэй

 

 

SHARE