Т.Гантулга: Лидер улстөрч байхын тулд гурван чадварыг эзэмшсэн байх ёстой

 

МАН-ын Нарийн бичгийн дарга асан, улс төр судлаач, сонгуулийн стратегич, доктор, Эрчим хүчний дэд сайд Түдэвхүүгийн Гантулга ийн хэлжээ.

Тэрээр “…Лидер улстөрч байхын тулд гурван чадварыг эзэмшсэн байх ёстой болов уу. Нэгд, концепцийн буюу бодлого, үзэл санааны чадвар. Ямар нэгэн дээд эрэмбийн албан тушаал дээр очиход том бодлогын төвшний сэтгэлгээ байхгүй бол тэр салбар унана. Өөрөө ч унана. Өөрөө унах хувийн зовлон. Салбар унах төрийн зовлон. Улс орны болон салбарын макро төвшний хэмжээний үзэл санаа тээгч байж гэмээнэ концепцийн чадвар буюу тархины бяр суудаг.

Мөн стратегийн чадвар буюу төлөвлөх, шийдвэр гаргах чадвар. Сэтгэлгээний хурд, сайн бодолт хэрэгтэй.

Гурав дахь нь, техникийн буюу гүйцэтгэлийн чадвар. Би энэ ойлголтыг жаахан задалж ярья. Гүйцэтгэлийн чадваргүй улстөрчид асуудлыг өөх ч биш булчирхай ч биш болгож хаядаг. Хувийн зохион байгуулалт, хувийн төлөвлөлтгүй байдал, харилцааны алдаанууд, ачаа даах тэнхээ буюу хүн чанарын дутуу дулимаг байдал өөрөө хэзээ ч сайн гүйцэтгэл гаргаж чаддаггүй.

Энэ гурван чадвартай байж гэмээнэ том салбарыг авч явах, улс орны хэмжээний шийдвэр гаргах төвшин рүү алхах ёстой юм. Энэ чадварыг эзэмшихийн тулд хүн зайлшгүй юм сурах хэрэгтэй, юм унших хэрэгтэй, бодох хэрэгтэй. Үүнийг би тархины фитнесс гэж хэлээд байгаа юм. Дээр нь өөрөө дадлагажсан байх хэрэгтэй, бас бүх сорилтуудаар туршигдсан байх хэрэгтэй. Энэ хугацаа явсаар байгаад тодорхой орон зайг туулж, цаг хугацаагаар шалгагдаж, амьдрал дээр батлагдсан байж хэмээн дээрх чадваруудын талаар яригдана. Түүнээс биш шууд нэг давхраас есөн давхар руу гарчихад эргээд буухад лифт ч байхгүй шат ч байхгүй нэлээн өвдөж л унаж төгсөнө шүү дээ” гэжээ.

Дараагийн Ерөнхий сайд, МАН-ын даргад энэ чадвар бий эсэхийг үзчихмээр л юм байна.

Эх сурвалж: www.news1.mn Б.Баяр

SHARE