Мел Гибсон: Урьдын алдаануудаа засах хамгийн найдвартай арга бол олонд дуулгалгүй маш их хөдөлмөрлөх явдал

 

“Оскар”-ын шагналт домогт жүжигчин, найруулагч Мел Гибсон ОХУ-ын “Телепрограмма” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.

Мел Гибсон онцгой содон хүн. Энэ америк эр “Галзуу Макс” (“Mad Max”), “Үхлийн зэвсэг” (“Lethal Weapon”) блокбастер кинонуудад тоглож алдаршаад кино ертөнцөд маш хурдан цойлж чадсан. Гэхдээ хүмүүс түүнийг Австралийн Сиднейн театрын урлагийн үндэсний дээд сургуулийг төгссөн, эхэндээ театрын сонгодог арга барилтай жүжигчин байсныг тэр бүр мэддэггүй.

Мел Гибсон найруулагчийн карьер ч эрчтэй урагшилж, “Хатан зүрхтэн” (“Braveheart”), “Христийн хүсэл тачаал” (“The Passion of the Christ”), “Апокалипто”гээд бүхий л кино нь өргөн цар хүрээтэй маргаан, мэтгэлцээн өдөөж байв.

Сүүлийн хориод жил тэрээр кинокамер бух шүүхийн өмнө илүүтэй зоссон. Түүнийг согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, нийгмийн хэв журам алдагдуулсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх зэрэгт буруутгасан нь цөөнгүй.

Хэдий тийм ч Мел Гибсон удаан хугацаагаар уран бүтээлийн “завсарлага” авсныхаа дараа гэнэт дуулиантайгаар эргэн ирж, “Хөрөөний ир” (Hacksaw Ridge) кино нь энэ жилийн “Оскар”-т зургаан номинацид нэр дэвшсэн билээ.  

-Та “Апокалипто”-гоос хойш арван жилийн дараа дахин кино найрууллаа. Найруулагчийн ажлаас чухам яагаад ийм удаан хугацаацанд хөндийрөв?

-Би киноны бизнесээс ерөөс хөндийрөөгүй, зүгээр л жижигхэн, намуухан төслүүд дээр ажилласан гэх үү дээ. Ер нь би элит давхаргад бус жирийн үзэгчдэд зориулж кино хийхийг сонирхдог. Надад киноны баатарт санаа зовних, нулимс унаган уйлах зэрэг үзэгчдийн жинхэнэ сэтгэл хөдлөл чухал. Гэвч тийм сэтгэл хөдлөлийг өдөөх нөөц боломж надад хомс л доо. Хүний сэтгэлд хүрэхүйц агуу түүхээр жил бүр кино хийх боломжгүй, тийм төслийг хэдэн арван жилээр боловсруулдаг юм.

-Сүүлийн киноныхоо төсөл дээр удаан ажиллав уу?

-Тэр бол миний төсөл биш, киноны продюсер Билл Меканикийнх л даа. Билл Меканик дайнд явахыг зорьсон ч тэнд буу хэрэглэхээс татгалзсан АНУ-ын зэвсэгт хүчний туршлагатай офицер Десмонд Доссын түүхэнд миний анхаарлыг хандуулсан юм. Десмонд Досс фронтод сувилагчаар ажиллан олон хүний амь аварч АНУ-ын дээд шагнал Нэр төрийн медаль хүртсэн юм билээ. Билл бид хоёр түүний түүхийг хүмүүст хүргэх нь чухал гэж үзэн “Хөрөөний ир” киногоо хийхээр зориг шулуудсан даа.

-Дайны сэдэв таныг алдаршуулсан. Жүжигчний хувьд ч мөн ялгаагүй. Энэ сэдэв таны сонирхлыг яагаад тэгтлээ татдаг юм бол?

-Залуу байхдаа би дэлхийн нэг, хоёрдугаар дайнаас гадна Солонгосын, Вьетнамын дайнд оролцсон ахмад дайчид, Иракт байлдаж явсан хүмүүстэй уулзаж дурсамж яриаг нь сонсох дуртай байлаа. Сүүлийн киногоо хийхдээ шоронд очиж алуурчидтай хүртэл ярилцсан даа. Тэдний дотоод сэтгэл, хүн алсан шалтгаан зэргийг ойлгож мэдрэх сонин байсан юм.

Би дайныг хэдий үзэн яддаг ч шаардлагатай бол амиа золиослохоос буцдаггүй зоригт цэрэг эрсийг ихэд хүндэлдэг. Дайнд оролцсон ахмадууд фронтоос эсэн мэнд эргэж ирсэн ч насан туршдаа зовж шаналдаг юм шүү. Тэд нарт бидний анхаарал халамж, хайр хүндлэл маш их хэрэгтэй. Иймд би уран бүтээлээрээ ахмад дайчдад анхаарал хандуулж, тэднийг хүндлэхийг хүссэн.

Дайнд оролцож явсан зарим эрэлхэг дайчдыг би кинондоо хүртэл урьж тоглуулсан. Жишээ нь кинонд тулалдааны үеэр бөмбөг тэсрэхэд нэг залуугийн хөл тасардаг даа. Тэр дүрийг бүтээсэн эр үнэхээр хөлгүй, Афганистанд хөлөө алдсан юм. Киноны эхэнд бид түүнд хиймэл хөл хийж өгөөд, дэлбэрэлтийн зураг авалтын үеэр түр зуур салгаж авсан.

-Та олон кинондоо дайныг дүрсэлдэг. Тулалдааны хэсгүүдийн зураг авах мэдээж амаргүй байх?

-Дайныг дүрслэхэд хамгийн гол нь аймшигтай замбараагүй байдлыг дэлгэцнээ хэрхэн харуулахаа өөрийн толгойдоо маш сайн бодож боловсруулсан байх шаардлагатай. Үүнд харах өнцгийг оновчтой сонгох чадвар маш чухал. Тулалдааны хэсгийн зураг авалтын арга барил спортын тэмцээний нэвтрүүлгийг ямар нэгэн байдлаар санагдуулдаг. Оновчгүй, хүнлэг бус зүйрлэл байж болох ч зураг авалтын техник нь үнэхээр төстэй.

Бид тулалдааны бүх хэсгүүдийн зургийг амьдаар, компьютерийн тусгай эффектийг аль болох бага ашиглаж авсан. Тэр ч бүү хэл жинхэнэ тэсрэх бөмбөг хэрэглэж байлаа. Зураг авалтын талбайд би ердөө хөдөлгөөний зохицуулагчийн үүрэг гүйцэтгэж, үндсэн ажил жүжигчдийн нуруун дээр буусан юм. Жүжигчид маань үнэхээр мундаг эрчүүд байсан шүү.

Гэхдээ хамгийн гол нь би өөрийн карьертаа анх удаа дайнд зэвсэг барилгүй явж буй баатрын тухай, биеэ хамгаалахын тулд ч ялгаагүй, аливаа аллага хүчирхийллийг буруу гэж үздэг хүний тухай кино хийсэн юм. Энэ нь маш шинэлэг, улиг болоогүй сэдэв байлаа.

-Та яагаад гол дүрд Хүн-аалзын дүрээрээ алдаршсан Эндрю Гарфилдыг сонгосон бэ?

-Би Эндрюг анх “Хүн-аалз” бус “Нийгмийн сүлжээ” (“The Social Network”) кинонд тоглоход нь анзаарсан юм. Тэрээр хүмүүст итгэл төрүүлэм, нэг тийм дулаан эрч хүч цацруулж байх шиг санагдаж билээ. Тэгээд ч Эндрю тэгтлээ чийрэг том биетэй биш тул энх тайванч үзэлтэй Доссын дүрд үнэхээр тохирсон юм. Би Досс шиг киноны баатар нэн ялангуяа эмэгтэйчүүдэд таалагдана гэж бодсон. Зөвхөн түүний романтик дурлалын түүхэнд татагдсандаа ч биш. Угаасаа л бүсгүйчүүдэд түүн шиг зөөлөн, мэдрэмжтэй эрчүүд таалагддаг. Дээр нь тэр сувилагч тул халамжтай гэсэн үг. Хүүхнүүд өөрсдийг нь халамжлахад дуртай шүү дээ.

-Та киногоо Австралид авсан. Хоёр дахь эх орондоо эргэн ирэхдээ тухайн үед юу мэдэрсэн бэ?

-Би цэрэгт татагдахгүйн тулд Австралид бараг хүүхэд байхдаа нүүж ирсэн хүн. Тэр үед Вьетнамд дайн болж байлаа. Аав маань тэр дайныг гарцаагүй шаардлагатай гэдэгт эргэлздэг байсан бөгөөд дайнд хүү нь явж амиа алдахыг хүсээгүй тул Австрали рүү нүүсэн юм. Аз болж намайг арвандолоон нас ч хүрээгүй байхад дайн дууссан.

Хамгийн сүүлд би Австралид 29 жилийн өмнө “Галзуу Макс” кинонд тоглож байжээ. Тэгэхэд Австралид эргэн ирэх сайхан байсан шүү.

-Та “Галзуу Макс”-ын дүрд шалгуулахаасаа нэг өдрийн өмнө нүүрээ хөх няц болтлоо зодолдсон тул дүрд маш сайхан зохицон тэнцсэн гэж үнэн үү?

-Тийм ч байж магадгүй. Гэхдээ нүүр маань хөх няц болоогүй байсан ч тэнцэх байсан юм бил үү, хэн мэдлээ. Ер нь Австралид хөвгүүд зодолдож байж эр хүн гэж үнэлэгддэг л дээ. Хэрэв хорин нас хүртлээ нэг ч зодолдоогүй бол хүмүүс тийм эрийг бараг л гаж гэж үздэг байлаа.

Энд хэлэхэд, “Галзуу Макс” дахь миний нүүрэн дэх шархны туузуудыг пластик мэс заслын ул мөр гэж бичиж байсан сэтгүүлчдэд одоо хэр дургүй хүрдэг юм. Миний энэ гүн үрчлээнүүдийг хар даа! Би хэзээ ч пластик мэс засалд орохгүй ээ. Нүүр амгүй нүдүүлснээс ч илүү зовиуртай гэдэг юм билээ.

-Киноны ажил таны хувьд нэг ёсны эм гэвэл та хүлээн зөвшөөрөх үү?

-Хэлж мэдэхгүй юм. Тиймэрхүү анализ шинжилгээ хийх дургүйг ч хэлэх үү. Сэтгүүлчид алдартнуудын амьдралын тухай элдэв тэнэг нийтлэлүүдээрээ хүмүүсийн тархийг угааж дайн, өлсгөлөн зэрэг хавьгүй чухал дэлхийн хэмжээний асуудлуудаас анхаарлыг нь сарниулдагт гайхдаг юм.

Ингэхэд, хүүхдүүд элдэв сайхан цэцэг, сайн санаат илбэчин бүсгүйгээс илүүтэй яагаад аймшигт мангас, хүн идэгчдийн тухай түүхийг сонсох дуртай гээч? Тэд айдас мэдрээд, тэрхүү айдсаа даван туулахад суралцдаг учраас л тэр.

Би Досс шиг үзэл бодлоосоо урвадаггүй хүчирхэг итгэл үнэмшилтэй болохыг хүссэн ч гэж хэлж болно. Ийм ч учраас киногоо авахыг маш ихээр эрмэлзсэн байж магадгүй. Түүний түүхийг бусдад хүргэж өгснөөр би өөрөө ч ямар нэг хэмжээгээр илүү сайн хүн болсон юм шиг санагдсан шүү.

-Кино урлагт залуудаа жүжигчин байгаад дараа нь найруулагч болох нь хамгийн зөв дэс дараалал мөн үү?

-Нас нэмэх тусам туршлага хуримтлуулдаг тул аливааг гүйцэтгэхэд илүү хялбар болдог ч залхаж эхэлдэг талтай. Залхаж уйдахгүй байх цорын ганц арга бол аливаад тайван хандаж хаашаа ч яарахгүй, хэнд ч юу ч нотлохгүй байх явдал.

Би элдэв түүх өгүүлэх дуртай. Тэдгээрийг өөрийн төсөөллөөрөө хүргэхийг хүссэн тул найруулагч болсон хэрэг. Найруулагчийн хүсэлд баригдсан жүжигчинд тэгэх боломж тэр бүр олдохгүй шүү дээ.

-Та цаашид кинонд тоглох уу? Хэрэв тийм бол үүний тулд биеийн байдлаа сайжруулах элдэв дасгал хийх шаардлагатай юу?

-Байгалиас заяасан чийрэг биетэй тул надад спортын танхимд хэдэн цагаар дасгал хийж суух шаардлага байхгүй. Мэдээж бэлтгэл сургуулилт хийх нь хийдэг. Гэхдээ тийм айхтар эрчимтэй биш ээ. Гол нь би сайн хооллодог. Үүнд л миний гол нууцын нэг оршдог байх шүү.

Хэдий тийм ч хөгширч байна. Цагийг ямар эргүүлж болох биш, би юутай ч цусан дахь чихрийн хэмжээгээ байнга ажиглах болсон доо.

-“Хөрөөний ир” киноныхоо дараа та эргээд уран бүтээлийн унтаа байдалд орох юм биш биз?

-Дахин хэлэхэд, би хаашаа ч алга болоогүй. Харин одоо дахин уран бүтээлийн эрчээ авч байх шиг. Мэргэжил нэгт олон хүний хийдэг алдааг би давтмааргүй байна. Эргэн ирснээ сүр дуулиантайгаар зарлаад шившигтэйгээр бүтэлгүйтдэг хүн цөөнгүй. Урьдын алдаануудаа засах хамгийн найдвартай арга бол олонд дуулгалгүй маш их хөдөлмөрлөх явдал. Хэн хөдөлмөрлөнө, тэр үр дүнд хүрдэг гэдэг дээ. Би үүнд итгэдэг.

Би чинь найман хүүхэдтэй. Тэд нартаа сайн үлгэр дууриал болж чадаагүй бол ядаж ач зээ нартаа тийм болохыг эрмэлзэнэ дээ. Хүү нарын нэг нь саяхан гэрлэлээ, нөгөө нь миний кинонд дүр бүтээлээ. Эцэст нь хэлэхэд үртэй хүн тайван тогтуун болдог гэж үнэн юм байна лээ.

Эх сурвалж: aguulga.mn Б.Түшиг

SHARE