Дэл уул нь эерэг энерги хурамтлагдсан нутаг

 

Бичээчийн Батмөнх

 

Дундговь аймгийн Өлзийт сумын баруун өмнөд хэсэгт байдаг Дэл, Хөнжил гэж хоорондоо ойрхон зэрэгцээ орших хоёр уул бий. Гаднаас нь харахад хаана ч байдаг л нэг бэсрэгхэн уул. Нутгийнхан нь Хөнжилийн хяр, Дэлийн хяр л гэдэг. Гэхдээ энэ хоёр хярд ялангуяа Дэлд гайхамшиг их бий. Дэл Хөнжилийн аль алиных нь багахан хэсэг Өмнөговийн нутагт ордог юм. Дэл Хөнжилийн баруун үзүүрийн дунд хэсэгт нутгийнхны шүтээн болсон Баянхайрхан, зүүн талд нь Буурал Угалз гэж өвөрмөц тогтоцтой хоёр уул бий.
Баруун зүгээс Хонгор гэдэг үзэсгэлэнт эмэгтэй говьд байгаа Угалз хэмээх хүнтэй ханилахаар ирж яваад ойртож ирээд хартал буурал толгойтой хүн байсан тул “Би ийм хөгшин хүнтэй суухгүй, дээл хөнжилөөрөө хучаад энд үүрд суулаа” гэснээс үүдэн Дэл Хөнжил гэсэн нэртэй болсон домогтой.
Дэл Хөнжил бол хадны зураг, булш, хиригсүүр, гэрэлт хөшөө зэрэг түүх соёлын дурсгал элбэгтэй, байгалийн сонин тогтоц олонтой, аргал, янгир, хар сүүлт зэрэг ан амьтантай, эмийн төрөл бүрийн ургамал элбэгтэй эко системийн хувьд нэлээн ховорт тооцогдох өвөрмөц нутаг.


Дэл, Хөнжилд төрсөн болон тэндээс гарвалтай хүмүүс өөрсдийгөө Улзын буриадууд, Хөвсгөлийн дархдууд, Алтайнхан гэдэг шиг Дэл Хөнжилийнхөн гэдэг. Энэ нутагт төрөгсөд аль ч үедээ ухаалаг, оюунлаг, ажилсаг, онцгой авьяас чадвартан элбэгтэй байсан тухай ард олны дунд үе дамжин яригдаж ирсэн домог, хууч яриа элбэг байдаг. Зөвхөн бидний мэдэх сүүлийн 100 жилд энэ нутгийхнаас төрж гарсан алдартнууд гэхэд МУ-ын тусгаар тогтнолын төлөө амь биеэ үл хайрлан тэмцэж явсан МУ-ын баатар эмэгтэй, говь нутгаас улсын наадамд олон жил дараалан сайн барилдаж улсад түрүүлсэн Улсын арслан цолтон бөх, Монгол төрийн алтан жолоон дээр сууж байсан Ерөнхий сайд, Ардын жүжигчин, Төрийн шагналтан, урлаг, утга зохиол, эрүүлийг хамгаалах, хөдөө аж ахуйн салбараас төрсөн МУ-ын Гавьяат цолтон арав гаруй хүн байна. Мөн Дэл уулынхнаас түүх, эдийн засаг, боловсрол, анагаах, хууль зүйн шинжлэх ухааны эрдэмтэд, сайд, орлогч сайд зэрэг төрийн зүтгэлтэнүүд төрсөн байдаг. 1932 оны говийн аймгуудыг хамарсан хил дамнасан их нүүдлийн үед “Дэл Хөнжилийн дээрэмчин” хэмээгдэж байсан Дэлэгсамба энэ нутагт төрж өссөн хүн.
Дэл Хөнжилд байсан Далайн болон Баруун билүүний хийдүүдэд тухайн үеийн шашны зүтгэлтэн, мяндагтнууд, хутагт хувилгаад, эрдэм номтой лам нар олон байсан тухай түүхийн баримт бий. Бидний мэдэх говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн анх дугаар дүр буюу нэгдүгээр ноён хутагт Агваангончиг гэгч Өмнөговийн Манлай сумын нутагт төрсөн ба Хөнжил уулын зүүн үзүүр орчимд байдаг Жавхлант хонгор гэдэг газар 1666 онд хийд байгуулж байжээ.


Хөнжилийн энгэрт байдаг Хармагтайд алтны их хэмжээний нөөц илэрсэн тухай, Дэлийн орчимд гүний усны нөөц байгаа тухай судалгаа байдаг гэсэн.
Хүн төрөлхтөн анх бий болж байхдаа хадан дээр нь зураг сийлж эхэлснээс эдүгээ хүртэлх үеийн олон үйл явдлд Дэл Хөнжилийн нэр холбогддог түүхт нутаг юм.
Дэл уулын баруун зүүн Билүүний хэсэгхэн газарт байгаа хэдэн мянгаар тоологдох хадны зургийг хуучин чулуун зэвсгийн неолит, хүрэл зэвсгийн, төмрийн түрүү үе болон хүннүгийн үед зурагдаж, бичигдэж үлдсэн байж болзошгүй хэмээн судлаачид тогтоосон байдаг. Монголын хамгийн анхны бичиг үсэг болох рунни бичиг, монголд олдсон хамгийн эртний хятад бичгийн дурсгал, хадан дээр зурагдсан үлэмж том биетэн, бүжиглэж буй 32 хүн, цонхтой гэр, хүрээ бүхий буруу харсан хас зэрэг судлаачдын анхаарал татсан түүх, соёлын олон сонирхолтой дурсгал энд бий. Хадны зурагнаас гадна энд булш, хиригсүүр, гэрэлт хөшөө, хүн чулуу, хот балгасны үлдэгдэл, сүм хийдүүдийн туурь зэрэг соёлын үл хөдлөх дурсгал элбэгтэй нутаг.
Дэл уулын энэ орчинд хоорондоо хэдэн зуун жилийн зайтайгаар хадны зураг зурж байсан нь тэнд хүн оршин суух байгалийн зохицолдолгоо сайтай байсан, ан амьтан элбэгтэй байсан, шүтлэгийн аливаа үйл хийх нөхцөл бүрдсэн зэрэг олон давуу талтайгаас гадна олон тооны хадны зурагтай энэ орчин бол эерэг энерги хуримтлагдсан газар хэмээн судлаачид үздэг юм билээ. /Н.Батболд ”Монголын говийн бүсийн хадны зургийн судалгаа” 56-р хууд/


Дэл уулын Баруун билүүний бурхан шашны хийд нь яг энэ хадны зурагтай хэсгийн дунд байжээ. Мөн энд аргаль, янгир, хар сүүлт зэрэг ан амьтантай, эмийн олон төрлийн ургамалтай, булаг шандтай байгалийн үзэсгэлэнт газар юм.
Дэл уултай залгаа говийн алдарт Цагаан суварга оршдог. Цагаан суварга бол хэдэн зуун метр үргэлжлэх, 70-80 метрийн өндөр эгц цавчим босоо өнгө алагласан шавар ханан эрэг бүхий байгалийн гайхамшигт тогтоцтой үзэсгэлэнт газар юм. Энэ орчим нь эртний үлэг гүрвэлийн орон, аварга амьтдын өлгий нутаг болох нь батлагддаг юм гэсэн. Цагаан суварга монголын аялал жуулчлалын бүсэд хамрагдан жил бүр гадаад дотоодын олон мянган жуулчин очиж үздэг газар болоод байгаа юм. Цагаан суварга нь өөрийн гоо үзэсгэлэнгээрээ монголчууд байтугай гадаадынхныг татаад байгаа бол зэрэгцэн орших Дэл уул маань одоохондоо нууцаа төдийлөн дэлгээгүй байгаа болно.

SHARE