Ц.Уранчимэг: “Монгол нийгэмлэг” Индианагийн их сургуулийг түшиглэн байгуулагдсан

Ярилцсан Ц.ТҮМЭНБАЯР

1961 он бол Монгол Улсын хувьд түүхэн чухал үйл явдлууд өрнөсөн онцлог жил байсан билээ. 1945 оноос эхлэн олон удаа хөөцөлдсөний үр дүнд НҮБ-д элсэж, биеэ даасан бүрэн эрхт улс болохоо дэлхий дахинаа батлан харуулсан жил байлаа. Энэ үед АНУ-ын Индианагийн их сургууль дээр “Монгол нийгэмлэг” байгуулагдсан бөгөөд эдүгээ 60 жилийн турш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж ирсэн байна. Иймд энэ ойд зориулсан “Монгол нийгэмлэг 60 жил” эрдэм шинжилгээний хурал Индианагийн их сургуулийн Херрон урлаг дизайны сургууль дээр саяхан болж өнгөрсөн юм. Энэ тухай тус сургуулийн урлаг судлалын профессор, Гадаад харилцаа эрхэлсэн захирал, урлаг судлалын ухааны доктор Ц.Уранчимэгтэй цахимаар ярилцсанаа уншигч танаа толилуулж байна.

АНУ-ын MIT их сургуулийн анторпологич Б.Мандухай Монголын эмэгтэйчүүдийн тухай нээлтийн үндсэн илтгэлийг тавилаа.

-Юуны өмнө тус эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан “Монгол нийгэмлэг”-ийн талаар товч танилцуулахгүй юу?
-Монгол хэлийг Фердинанд Лессинг Калифорнийн их сургууль дээр анх 1935 оноос зааж эхэлсэн. Харвардын их сургуульд Франсис Вудман Кливс, Вашингтоны их сургуульд Николас Поппе гэсэн Америкийн янз бүрийн их сургууль дээр монгол судлаач эрдэмтэд байсан боловч монгол судлаач эрдэмтэн бэлтгэх нөхцөл нь Индианагийн их сургууль дээр бүрдсэн байжээ. Тиймээс тухайн үед Хангины Гомбожав эрдэмтэн тус сургууль дээр монгол судлаач мэргэжилтэн бэлтгэх ажлыг эхлүүлсэн. Үүнийг түшиглэж АНУ дахь Монгол судлалын хамгийн анхны төрийн бус байгууллага “Монгол нийгэмлэг” тулгын чулуугаа тавьсан байдаг. Тэр үед Монгол Улс хаагдмал байсан учир Америкийн ард түмэн Монголын талаар ямар ч ойлголт байхгүй, эрдэмтдийн хувьд ч мэдээлэл байгаагүй аж.
Нэг жишээ хэлэхэд Жеймс Боссон профессор Калифорнийн их сургуульд монгол хэлний хичээл зааж байсан ч Монголд очих боломжгүй учир монгол хэлний талаарх эрдмийн ажлаа Туркт очиж бичиж байсан явдал ч байх юм билээ. Сүүлд 1990-ээд онд анх Монголд очсон гэж ярьж байсан юм. Иймд ялангуяа, 1961 оны үед БНМАУ-д өрнөж байгаа үйл явдлын тухай, Монголын түүх, ёс заншлын талаар мэдээллийг цуглуулах, олон нийтэд мэдээлэх үүргийг тус нийгэмлэг өөртөө хүлээсэн байдаг.
-Мэдээлэл, судалгааны бүтээлээ ямар замаар олон нийтэд хүргэж байсан юм болоо? 
-Жеймс Боссон багш “Монгол нийгэмлэг”-ийн удирдах зөвлөлд байснаас гадна сэтгүүлийн редактороор ажиллаж байсан. Архивын эх сурвалжуудаас нь харахад нийгэмлэгт байсан Хангины Гомбожав гуай, Жеймс Боссон гэсэн хүмүүсийн Монгол судлалыг хөгжүүлэхээс гадна Монголын тухай зөв мэдээлэл тараая. Түүх ёс заншлын талаар зөв зохистой ойлголт түгээе” гэж байсан тухай байдаг. Тиймээс тэр үед Монголын талаарх мэдээллийг Америкийн ард түмэнд түгээх зорилгоор олон нийтэд үнэгүй тараадаг ”Монголын товч мэдээ” хэмээх товч мэдээний сэтгүүл хэвлэж эхэлсэн, одоо ч гарч байгаа. Эрдэм шинжилгээ, судалгааны 4-5 чиглэлээр хийсэн бүтээлүүдийг “Монгол судлал” хэмээх сэтгүүлд нийтэлж эхэлсэн юм билээ. Тус сэтгүүл эдүгээ хүртэл Монгол судлалын гол сэтгүүл болж ирсэн. Одоо Монгол судлалын чиглэлээр хамгийн сүүлийн үед хийсэн эрдэмтдийн ажлуудыг эрдэмтдийн хяналтаар оруулж (peer review), баталсны дараа хэвлэдэг. Мөн нэг сэдэвт орчуулга, судалгааны тусгай дугаарууд гаргадаг. Түүндээ тодорхой нэг судалгааны бүтээлийг хэвлэж байна. Сүүлийн үеийн жишээ гэхэд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат манай нэрт улстөрч, улс төрийн томоохон зүтгэлтэн Ж.Батмөнх гуайн дурсамжийг Монголоос англи руу орчуулж нийтэлсэн.

Эрдэм шинжилгээ, судалгааны 4-5 чиглэлээр хийсэн бүтээлүүдийг “Монгол судлал” хэмээх сэтгүүлд нийтэлж эхэлсэн
-Одоо бол Монгол Улс дэлхийд нээлттэй болсон. АНУ-д цөөнгүй монголчууд ажиллаж, сурч амьдарч байна. Тэгэхээр Монголыг сайн мэддэг болоо биз дээ?
-Одоо ч гэсэн Монголын талаар зөв ойлголт өгөх шаардлага байгаа. Хамгийн сүүлийн жишээ нь Холливудынхан “Мулан” гэдэг кино хийхэд Хятадын баатарлаг охин түрэмгийлэгч Монголыг хэрхэн ялж байгаа тухай гаргахдаа монголчуудыг хэтэрхий харанхуй, бүдүүлэг, зэрлэг байсан мэтээр гаргах жишээтэй. Буруу мэдээлэл их байдаг. Тиймээс энэ үүргээ тус нийгэмлэг гүйцэтгэсээр байгаа юм.
-“Монгол нийгэмлэг” одоо ямар үйл ажиллагааг голчлон явуулж байна вэ?
-Тус нийгэмлэгийн ерөнхийлөгч нь АНУ-аас Монгол Улсад сууж байсан Элчин сайд асан Памела Шлуц хэмээх хүн бий. Дэд ерөнхийлөгч нь Монголын гадаад харилцааг судалдаг Алиса Кампи. Монгол нийгэмлэгийн гүйцэтгэх захирал нь Сюзан Дрост, Удирдах зөвлөлийн дарга нь Монголын эзэнт гүрний түүхийг судалдаг Кристофер Этвүд,  удирдах зөвлөлд нь Петер Марш, Санмин Юүн, Тим Мэй, Мелисса Чакарс, Л.Цэрэнчунт, би өөрөө, Сюзан Майнхайт нар байна. Манай сургуульд Л.Цэрэнчунт багш орчин үеийн монгол хэл, Унгарын Хар Дорж багш монгол ёс заншил, монгол хэл зүй болон эх сурвалж судлал, миний бие Монголын урлагийн түүх, Самүэл Басс хэмээх эрдэмтэн Монголын түүхийн хичээл зааж байна. Тус нийгэмлэгээс жил бүр монгол судлалын чиглэлээр хурал зохион байгуулж байна. Гишүүнчлэлтэй.
АНУ-д жил бүр гуравдугаар сард болдог Ази судлалын хурал болон их сургуулиудыг түшиглэн жил бүр өөр өөр сургууль дээр эрдэм шинжилгээний хурлаа зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд Индианагийн их сургуулийн Херрон урлаг, дизайны сургуульд монгол уран бүтээлч үзэсгэлэнгээ гаргаж буйг тохиолдуулан манай сургууль дээр хурлаа хийлээ. Энд хоёр жил тутам гадаадын уран бүтээлчийн үзэсгэлэн гаргадаг шинэ санаачилгыг миний бие гадаад харилцааны захирлын хувьд 2019 онд эхлүүлсэн. Энэ удаа Монголын Ё.Төгөлдөр уран бүтээлч бие даасан контенпорэри үзэсгэлэн гаргасан. Уран бүтээлч өөрөө оролцсон. Хэд хэдэн уулзалт, лекц яриа хийж, хичээлүүдэд оролцож оюутнуудтай уулзсан. Ингэснээр манай оюутнууд Монголын тухай шинэ ойлголт, мэдээлэл авч, мэдлэгээ дээшлүүлэхэд ач холбогдолтой байв.

Нэг сэдэвт орчуулга, судалгааны тусгай дугаарууд гаргадаг.
-Цар тахлын үед олныг хамарсан үйл ажиллагаа явуулахад төвөгтэй байгаа. Ялангуяа, хил дамнасан олон улсын чанартай хурал зохион байгуулахад хэцүү. Зохион байгуулалтынхаа талаар сонирхуулахгүй юу?
-АНУ-ын их сургуулиуд анги танхимд хичээллэж байна. Вакцин хийлгэхээс гадна халдвар хамгааллын дэглэм барьж, хичээлдээ оролцож байгаа. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан биеэр болон цахимаар гэсэн холимог хэлбэрээр хурлаа зохион байгуулсан. АНУ, Франц, Орос, Эстони, Монгол гэсэн 10-аад орны 30 орчим эрдэмтэн судлаач оролцлоо. Гурван салбар хуралдаан боллоо. Урлаг, соёл, түүх гэсэн сэдэвтэй.
-Илтгэгчдийн талаар товч хэлнэ үү?
-АНУ-ын төрөл бүрийн сургуулиудад Монголтой холбоотой судалгаа хийдэг оюутан байгаа ч зөвхөн манай Индианагийн их сургуульд Монгол судлалын мэргэжлээр бакалавраас эхлээд доктор хүртэл судлаачдыг сургаж бэлддэг. Энэ жилийн ойн хуралд АНУ-ын MIT их сургуулийн анторпологич Б.Мандухай Монголын эмэгтэйчүүдийн тухай нээлтийн үндсэн илтгэлийг тавьж, Монголын бурханы шашны судлаач Маттью Кинг, хөгжим судлаач Санмин Юүн, Монголын бурхан шашны урлаг, уран барилгыг судалдаг Францын эрдэмтэн Изабел Шарлё, Эстонийн докторант Алевтина Соловьёва, АНУ-ын зохиолч, судлаач Шерон Хаджинс, Японы Киото их сургуулийг төгссөн доктор О.Ангарагсүрэн, түүхч Сам Басс, Кеннет Линдэн, Английн зохиолч, орчуулагч Саймон Викамсмит, Монголын газар зүйн судлалын профессор М.Орхон, Монголоос зохиолч Ц.Түмэнбаяр гэсэн судлаач, эрдэмтэн олон сайхан илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Хуралд оролцогчид болон манай оюутнуудын анхаарлыг гойд татсан хэд хэдэн илтгэл байсны нэг нь Зава Дамдины бичсэн зохиол. Тэр үеийн Монголын өөрчлөлтүүдийн талаар судалгааны ном бичиж хоёр ч шагнал авсан эрдэмтэн доктор Маттью Кинг Чин улсын үеэс монгол угсааны эрдэмтэн судлаачид Манж, Төвд, Хятад үндэстний номын хүмүүстэй хамтран эрдмийн бүтээл туурвидаг холбоо тогтсон байсан нь өвөр Азид өөрчлөлтүүд гарахад нөлөөлдөг байсан талаарх илтгэл байлаа. Тэрбээр буддын шашныг судлах арга зүйн тал дээрх өөрчлөлтийн тухай илтгэлдээ оруулсан.
-Тус хурлын нээлтийн үйл ажиллагаанд ямар хүмүүс оролцсон бэ?
-АНУ дахь ЭСЯ-ны Соёл, боловсрол хариуцсан гуравдугаар нарийн бичгийн дарга Б.Тэлмүүн, монгол уран бүтээлч Ё.Төгөлдөрийн бие даасан үзэсгэлэнгийн нээлтэд Индианагийн их сургуулийн дэд Канцлер захирал Кати Жонсон, Индианагийн их сургуулийн Херрон урлаг, дизайны сургуулийн дэд захирал Уильям Поттер нар ирж баяр хүргэж, үг хэлснээс гадна МУИС-ийн Монгол судлалын Хүрээлэнгийн захирал Д.Заяабаатар, Монгол судлалын хүрээлэнгийн захирлын хувьд мөн Боловсролын яамны дэргэдэх Монгол судлалын сан, агентлагийг төлөөлөн манай хуралд дүрс бичлэгээр мэндчилгээ дэвшүүлснийг “Монгол нийгэмлэг”-ийн ойн үйл ажиллагаа, түүнд зориулсан эрдэм шинжилгээний хуралд их ач холбогдол өгч буйг илэрхийлж байна хэмээн баярлаж байна.

Эрдэм шинжилгээ, судалгааны 4-5 чиглэлээр хийсэн бүтээлүүдийг “Монгол судлал” хэмээх сэтгүүлд нийтэлж эхэлсэн

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

SHARE