О.Алтансүх: Хүүхэд харах үйлчилгээнд эцэг эхчүүдийн хяналт чухал

Намар цаг эхлэхтэй зэрэгцэн бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүд хүүхдээ улсын цэцэрлэгт бүртгүүлэх гэсэн томоохон асуудалтай тулгардаг. Энэ жил улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 241 мянган хүүхэд бий гэсэн албан судалгаа гарчээ. Гэвч тэдний  184 мянга нь л сургуулийн өмнөх боловсролыг эзэмших боломжтой аж. Харин улсын цэцэрлэгт оролгүй үлдсэн хүүхдүүдийн асуудлыг шийдэх зорилгоор 2015 онд Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг УИХ-ын чуулганаар баталсан билээ. Тус хууль хэрэгжиж эхэлснээр улсын цэцэрлэгт орж чадаагүй багачууд сургуулийн өмнөх боловсролыг эзэмших боломжтой болсон юм. Хоёр дахь жилдээ хэрэгжиж буй Хүүхэд харах үйлчилгээний талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүхтэй цөөн хором ярилцлаа.

-Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль батлагдсанаар улсын цэцэрлэгт орж чадаагүй хоёр настангууд сургуулийн өмнөх боловсролыг эзэмших боломжтой болсон. Хоёр дахь жилдээ хэрэгжих уг үйлчилгээнд хүүхдээ хамруулах сонирхолтой эцэг, эхчүүд цөөнгүй байгаа болов уу. Энэ жил хүүхэд харах үйлчилгээнд хэчнээн хүүхэд хамрагдах вэ?

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг 2015 оны УИХ-ын чуулганаар баталж, өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Энэхүү хуулиар цэцэрлэгт орж чадаагүйн улмаас гэртээ ганцаараа цоожлогдож үлддэг байсан олон хүүхдийн асуудлыг шийдэж байгаа. Өнгөрсөн жил хүүхэд харах үйлчилгээнд хоёроос таван нас хүртэлх 5496 хүүхэд хамрагдлаа.  Энэхүү үйлчилгээ улсын цэцэрлэгт хамрагдаж чадаагүй үлдсэн бүх л хүүхдэд нээлттэй байдаг. Тэр ч утгаараа өнгөрсөн жил 297 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд уг үйлчилгээнд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролыг эзэмшсэн. Энэ жилийн тухайд гэвэл Сангийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаал гарч, хүүхдийн тооны хязгаарыг тогтоосон. 2017 оны эхний хагас жилийн гүйцэтгэлээр гэхэд 5275 хүүхэд Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаад байна.

Засгийн газраас Хүүхэд харах үйлчилгээнд зориулж хэчнээн төгрөгийн санхүүжилт олгодог вэ?

Жил бүр хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах хүүхдийн тооны хязгаарыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар баталдаг. Хамтарсан тушаалд заасан хүүхдийн тооны хязгаарт багтааж санхүүжилтийг нь улсын төсөвт суулгадаг. Энэ жил хүүхэд харах үйлчилгээний зардалд улсын төсвөөс 5.8 тэрбум төгрөгийг төсөвлөөд байна. Нэг хүүхдэд олгох үйлчилгээний хувьсах зардлыг бүс нутаг, алслагдсан байдлыг харгалзан сар бүр 131,800 төгрөг байхаар Засгийн газраас тогтоосон.

-Хүүхэд харах үйлчилгээ хэрэгжиж эхлэхтэй зэрэгцээд уг үйлчилгээг хэн явуулах вэ гэдэг асуудал нэлээд яригдсан шүү дээ. Ер нь хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдэд ямар шаардлага тавьдаг вэ?

-Улсын хэмжээнд цэцэрлэгийн хүртээмж хангалтгүйгээс хоёроос дээш насны хүүхэд гэртээ харгалзах хүнгүйгээр цоожлогдон үлдэх, аливаа болзошгүй эрсдэлд өртөх зэрэг асуудал цөөнгүй байдаг. Тийм учраас өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдалд тулгуурлан бага насны хүүхдийг хараа хяналттай байлгаж, аюулгүй байдлыг хангах зорилгоор тус хууль батлагдан хэрэгжиж байна.  Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэдийн эрх, үүргийн талаар “Хүүхэд харах үйлчилгээний тухай” хуульд нарийн тусгасан. Тухайлбал, “Хүүхэд харагч нь бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, хүүхэд харах үйлчилгээний тусгай сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан, бага насны хүүхэдтэй харилцах арга зүй эзэмшсэн, халдварт болон сэтгэцийн өвчингүй, эрүүл, гэмт хэрэгт холбогдож байгаагүй, 18-аас 65 насны Монгол Улсын иргэн байна” гэж заасан байдаг. Мөн хүүхэд харах үйлчилгээ эрхлэх иргэний үйл ажиллагаагаа явуулах стандарт, баримтлах зарчмыг холбогдох хууль, журмаар нарийн тогтоож өгсөн. Тодруулбал, Хүүхэд харах үйлчилгээг өөрийн өмчлөлийн байр, түрээсийн байр, гэрийн нөхцөлд зохион байгуулж болно. Түүнчлэн тусгайлан бэлдсэн жижиг байшин, өрөө тасалгаанд үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрдөг. Гэхдээ тэр бүхэнд тохирсон тодорхой шаардлагатай.  “Гэрт явуулж болно” гэсэн гээд нэг гэр барьчихаад хоол, цайгаа ч тэндээ бэлтгээд байж болохгүй шүү дээ. Хэрвээ гэрийн нөхцөлд хүүхэд харах үйлчилгээ эрхлэх гэж байгаа бол дулаан байх, зуухтай бол түүнийг тойруулан хамгаалалт тавих, гал тогооны тусгай гэртэй, хүүхдийг асран хамгаалах, хооллох, тоглуулах амраах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдсан байх гэх мэтчилэн олон шаардлага бий.

-Өнөөдрийн байдлаар хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй хэчнээн иргэн байна вэ. Уг үйлчилгээ эрхлэгчдийг сургах, мэргэшүүлэхэд чиглэсэн олон ажил хийж байгаа гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

Одоогийн байдлаар 1025 хүүхэд харагч 426 үйлчилгээний нэгжийг ажиллуулж байна. Хүүхэд харагч иргэдийн мэргэжил, боловсролын төвшин, хүүхэдтэй ажиллаж байсан туршлага харилцан адилгүй. Тиймээс хүүхэд харагч нарыг бага насны хүүхдийн нас, сэтгэхүйн онцлог, хэрэгцээ, хоол хүнсний илчлэг, орц, аюулгүй байдал, хадгалалт, хүүхдийн хөгжлийн үйл ажиллагаа зохион байгуулах арга зүй, хүүхдийн нийгэмшилт зэрэг олон чиглэлээр сургаж, чадавхижуулах шаардлагатай. Энэ хүрээнд агентлагийн зүгээс аймаг, орон нутгийн салбар байгууллагуудад чиглэл хүргүүлж, хүүхэд харагч нарт мэргэжил арга зүйн сургалт, мэдээллийг тогтмол өгч, хамтран ажиллаж байна.  Энэ жил манай агентлаг олон улсын байгууллагуудтай хамтран есөн дүүрэг, гурван аймагт хүүхэд харагч нарыг чадавхижуулах давтан сургалт зохион байгууллаа. Уг сургалтад нийт 551 хүүхэд харагч хамрагдаж, гэрчилгээгээ авсан.

Зарим эцэг эхчүүд “Хүүхэд харах үйлчилгээ” хэр найдвартай вэ гэдэгт эргэлздэг шүү дээ. Ер нь хүүхэд харах үйлчилгээнд ямар хяналт шалгалт тавьдаг юм бэ?

-Аливаа хууль, үйл ажиллагаа гэдэг заавал эргэх хяналттай байх ёстой. Зүгээр нэг хууль баталчихаад хяналтгүй бол хэцүү шүү дээ. Тийм учраас холбогдох байгууллагаас үргэлж хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулж, шаардлагатай арга хэмжээг авдаг. Энэ хүрээнд Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, холбогдох журам, стандартын хэрэгжилтийг хангах, хүүхэд харагч нарт зөвлөн туслах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор хоёр удаагийн хяналт шалгалт хийгээд байна. Шалгалтын үеэр стандарт хангаагүй байранд үйлчилгээ эрхэлсэн, хүүхдийн тоо хэтрүүлсэн, хүүхэд харагч ёс зүйн алдаа гаргаж хүүхдийн эрхийг зөрчсөн зэрэг удаа дараагийн алдаа, зөрчил гаргасан 42 төвийн үйл ажиллагааг зогсоосон. Мөн хүүхэд харах үйлчилгээ эрхлэгч болон хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж байгаа хүүхдийн мэдээллийн санг бий болгон сар бүр шинэчлэл хийж, шилжилт хөдөлгөөнийг бүртгэдэг. Түүнийгээ улирал бүр СӨБ-д хамрагдаж байгаа хүүхдийн  мэдээллийн сантай тулгалт хийж давхардлыг шалгах ажлыг хийж байна.

SHARE