Хуульчдын холбооны ерөнхийлөгчийн анхааруулга

Хуульчийн мэргэжлийн шалгалтад орох гэж буй эрх зүйч мэргэжилтэй хүмүүст Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэг нэгэн анхааруулгыг өгчээ. Тэрээр цахим хуудастаа “…Шинэ системдээ дасацгаая, нөхөдөө!

Хуульчийн мэргэжлийн шалгалтад орох гэж байгаа нийт эрх зүйч залуустаа юуны түрүүнд амжилт хүсье. Энэхүү шалгалтыг хэрхэн яаж авдаг талаар Та бүхэн тодорхой сайн мэдэж байгаа ч гэсэн зарим нэг нөхдөд дахин нэг удаа сануулах шаардлага үүслээ.
Энэхүү шалгалтыг чин шударгаар авч, аль нэгэн этгээдэд давуу байдал олгохгүй гэдэг үндсэн зарчмыг баримтлан ажилладаг. Хуульчдын холбооны шалгалтын хорооноос байгуулагдсан шалгалтын комисс ажилладаг бөгөөд эдгээр хүмүүс нь аль нэг албан тушаалтанаас хараат бусаар шалгалтаа авч, дүгнэдэг.
Хуульчдын холбооны үйл ажиллагаа нь босоо бус хэвтээ удирдлагатай учир энд аль нэг дарга, улс төрч орж ирээд үүрэг өгөөд байх боломж байхгүй. Шалгалт нь компьютерээр авдаг бөгөөд хэн нэгнээс хуулах, хүний оролцоотойгоор дүн засах боломжгүй.
Танил тал, ах дүүс, дарга цэрэг, багш нараар яриулж, ямар нэгэн арга саам хайх гэж хичээгээд хэрэггүй. Шалгалтын комиссын гишүүн хэн нэгэн хүн захисан хүнийхээ кодыг тайлах гээд бичиг цаас ухаад олох ч үгүй, бүгдийг компьютер дээр хором бүр сануулаад, хувиргаад явж байгаа. Хэрэв ийм зан байдал илэрвэл өөрөө хуульчийн гэрчилгээгүй болох хүртэл эрсдэл хариуцлага бий. Иймээс шалгалт зохион байгуулах ажлын хэсгийнхэн рүү “хий горьдлого” тээн утасдах, уулзаж ятгах гэж ёс зүйгүй авирлахаа эрхэм ирээдүйн хуульчид минь зогсоо. Комиссын гишүүдийг тайван байлгаж, ажлыг нь хийлгэнэ үү. Эцсийн бүлэгтээ хуульчийн мэргэжлийн шалгалт гэдгээ ойлго. Хүний оролцоо байхгүй.
Шинэ системдээ дасацгаая, нөхдөө!
Гомдол санал байвал хуулийн сургууль төгссөн хүн шиг албан ёсоор, бичгээр тавих нь зүйтэйг мөн сануулья. Хууль, номоо сайн уншсан залуусдаа талархаж байгаагаа илэрхийлье. Эцсийн бүлэгт бэлдсэн хүн л тэнцэнэ. АМЖИЛТ.” хэмээн бичсэн байна. Эрхэм эрхзүйчид Холбооныхоо ерөнхийлөгчийн анхааруулгыг анхаарч үзэх биз ээ.

Эх сурвалж: www.aguulga.mn

SHARE