С.Эрдэнэ:  Төрийн сайд, дарга нар нь хүртэл гүтгэлэг доромжлолыг задгай мөнгө шиг цацаж байлаа

 

АН-ын дарга С.Эрдэнэ сонгуулиас хойш анх удаа үгээ хэлэв.

Ингэхдээ өөрийн цахим хуудсаар дамжуулан болоод өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгууль, түүнийг тойрсон асуудлаар үзэл бодлоо илэрхийлжээ.

Тэрээр “…Сонгууль өндөрлөөд чамгүй хугацаа өнгөрлөө. Хүмүүс дор бүрнээ дүгнэлт хийж, үзэл бодлоо илэрхийлээд ерөнхийдөө шувтарч байх шиг байна.
Олон ч өнцгөөс харж, олон ч тайлбар хэллээ. Би хувьдаа олон сонгуулийн ард гарсан ч үүн шиг бохир, эрх мэдэл, мөнгөний дарамтан дор болж өнгөрсөн сонгуулийг санахгүй байна.
Энэ бүх хугацаанд маш их хар Пи Ар, ор үндэслэлгүй гүтгэлэг доромжлол тарааж, Эрх мэдлээр далайлгаж, Хууль хүчний байгууллагын ажилтнуудаар төрийн эсрэг гэмт хэрэг үйлдүүллээ. Төрийн сайд, дарга нар нь хүртэл гүтгэлэг доромжлолыг задгай мөнгө шиг цацаж байлаа.
Гэвч энэ бүхний эсрэг Ардчилсан нам ганцаараа зогсоогүй юм. Ард түмэн бидний найдвартай ар тал болж, хүчтэй дэмжиж байсан учраас энэ бүх увайгүй үйлдлийг амжилттай сөрөн зогсч чадлаа.
Хэрэв ард түмэн бидний талд зогсч байгаагүй бол ямар ч улс төрийн хүчин дангаараа дааж давахааргүй тийм их дарамт, шахалт ирж байв. Гэсэн ч ард түмэн Ардчилсан намаас нэр дэвшигчийг дэмжсэн. Ингэснээрээ Ардчилал хүний эрх, эрх чөлөөний үнэ цэнийг өндөрт өргөж чадлаа. Үүний төлөө Монголынхоо нийт ард түмэнд баярлаж талархсанаа илэрхийлье.

Цаашдаа бид эрх баригчдаас амласан бүхнийг нь нэхэж, Монголын ард түмэнд амласан амлалтаа биелүүлэхийг шаардаж ажиллах болно.
Эрх баригчид юун түрүүнд “Хүүхдийн мөнгө”-ийг тасралтгүй олгох ёстой. Зөвхөн сонгуулийн шоу болгоод маргааш нь мартдаг байж болохгүй.
Тэрчлэн тэтгэврийн насыг сонголттой болгосон бол энэ шийдвэртээ тууштай байх ёстой. Эрдэнэтийн 49 хувийн хувьцааг ард түмэндээ өгнө гэсэн амлалтыг нь бид өдөр бүр сануулж, шаардах болно.
Эцэст нь хэлэхэд, Ардчилсан намын даргын хувьд эрх баригч МАН-ыг 2016 оны УИХ, Орон нутгийн сонгууль, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар амласан бүхнээ биелүүлэхийг шаардаж ажиллах болно” гэсэн байна.

Эх сурвалж: udriintoim.mn

SHARE