Монголын зэвсэгт хүчний гайхамшиг

 

Б.Түшиг

The Diplomat” сэтгүүлд манай улсын зэвсэгт хүчний бодлогын талаар ингэж бичжээ.

Монгол Улс зэвсэгт хүчнийхээ глобал оролцоогоор дэлхийд маш хурдан танигдах боллоо. Хятад, Орос гэх хоёрхон хөрштэй тус улс амаргүй асуудалтай нүүр тулсаар ирсэн билээ. Монголын гадаад бодлогод хүчирхэг хөршүүдийнхээ нөлөөллийг тэнцвэржүүлэх зайлшгүй шаардлагын зэрэгцээ ижил үзэл баримтлалтай улс орнуудын дэмжлэгийг авах хэрэгцээ давамгайлдаг байна. Монголын “гуравдагч хөршийн бодлого”-ын зорилт нь Хятад, Оросын аль алинаас эдийн засаг, улс төрийн хувьд хараат бус, бие даасан байдлыг хангахад чиглэдэг ажээ. Иймээс ч тус улсын зэвсэгт хүчний гол үүрэг бол энэ бодлогын хэрэгжилтийг хангах явдал.

Монгол Улс албан ёсоор Хятад ба Оростой найрсаг харилцаатай тэтгэн үргэлжлүүлэх явдал хэдий ч хоёр хөршийнхөө эзлэн түрэмгийллийг умартаагүй Улаанбаатар тэдгээрийн нөлөөлөлд зүй ёсоор болгоомжтой ханддаг байна. Тэгээд ч хоёр хөрш нь Монголын эдийн засагт ихээхэн нөлөөтэй бөгөөд тус улсын уул уурхай, экспорт, төмөр замын бүтцэд өөрсдийн сонирхлоо хянасаар байгаа билээ.

ЗХУ-ыг задрахаас өмнө нэр төдий тусгаар улс Монгол нь Зөвлөлтөөс хараат байжээ. Тэр үед Монгол Улс Хятад, ЗХУ-ын дунд халхавчийн үүрэг гүйцэтгэн дэлхийн улс төрөөс хол хөндий байсан юм. Харин ЗХУ задарч, Монголд ардчилсан хувьсгал өрнөснөөр Улаанбаатар дэлхийн хамтын нийгэмлэгийн бие даасан гишүүн болох арга замыг эрэлхийлж эхэлжээ. Тэгээд тэрхүү арга зам нь НҮБ-ын энхийг сахиулах үйл явцад оролцох явдал гэж үзсэн байна.

1990-ээд оны сүүлээс Монгол Улс зэвсэгт хүчнийхээ бүтцийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцохоор өөрчлөөд 2001 онд Африкт анхны энхийг сахиулагч цэргүүдээ илгээжээ. Улмаар 2003 онд НАТО-гийн түнш улс болж, тус байгууллагын ажиллагаанд цэргүүдээ оролцуулж эхэлжээ.

Үүний сацуу Монгол Улс Ирак дахь АНУ тэргүүтэй эвсэлд нэгдсэн билээ. Тэр цагаас хойш Монгол Улс эдгээр харилцаагаа бэхжүүлэн НАТО-той хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Тавантолгой дахь бэлтгэл сургуулилтын төвөө НАТО-гийн зэвсэгт хүчинд нээлттэй болгосон юм.

НҮБ-ын энх тайван, аюулгүй байдлын хөтөлбөрүүдийг дэмжин оролцох болсноор Монгол Улс дэлхийн улс төрд бие даасан тоглогч байх хүслээ тодорхой илэрхийлсэн юм. НҮБ-ын энхийг сахиулах болон эвслийн ажиллагаануудад идэвхтэй оролцсоны хүчинд Монгол Улс ЗХУ-ын дагуулаас дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн болтлоо байр суурь, статусаа өсгөж чадсан билээ. Статусаа ийн өсгөсөн Монгол Улсын бие даасан гадаад бодлогын хэрэгжилтэд АНУ, НАТО-гийн гишүүн орнууд болон бусад ардчилсан орнууд дэмжлэг, туслалцаа үзүүлэх болсон юм.

Үүнийг урьд өмнө Монголыг түрэмгийлж байсан Хятад, Оросын аль аль нь дуугүй суун хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд тус улсыг өрнөдийн ертөнцөөс холдуулах хүчин чармайлт гаргаж эхэлжээ. Тэд Монголын зэвсэгт хүчний шинэчлэлийг дэмжин энхийг сахиулах үйл ажиллагааны хүчин чадлыг нь нэмэгдүүлэхэд тоног төхөөрөмж, боловсон хүчний сургалт зэргээр туслахын сацуу тус улсын зохион байгуулдаг олон улсын энхийг сахиулагчдын “Хааны эрэлд” хээрийн сургуульд оролцох болсон байна. Хятадын тал Африк дахь Монголын энхийг сахиулах нэгжүүдтэй нягт хамтран ажиллах санал хүртэл тавьжээ. Хятад ба Орос Монголын энхийг сахиулах үйл ажиллагааг дэмжихдээ тус улс дахь өрнөдийн орнуудын нөлөөг багасгахыг давхар оролдсон юм. Гэвч Улаанбаатар үүнд сөрөн зогсч хөршүүдтэйгээ бие даасан бодлогынхоо зорилтуудыг хэрэгжүүлэх арилжаа хэлэлцээний орон зайг хадгалан үлдээж чаджээ.

Ихэнх улс орнуудаас ялгаатай нь, Монгол Улс зэвсэгт хүчнээ бодлогоо бусдад хүчээр тулгахад бус дипломат арга замаар нөлөөлөхөд ашигладаг. Зэвсэгт хүчний энэхүү дипломат арга зам нь Монголыг бие даасан бодлогыг нь дэмжигч олон найз нөхөдтэй болгосны дээр ардчилсан улс орны хувьд амжилттай хөгжихөд түлхэц өгсөн нь гарцаагүй билээ.

Эх сурвалж: news1.mn

SHARE