Х.Болорчулуун: Малын гаралтай  бүтээгдэхүүнийг өртөг шингээж боловсруулж чадахгүй байгаа нь үнэн

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун малчдын өмнө тулгамдаж буй асуудлын талаарх мэдээллийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа.

Тэрбээр “Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үнэ хямд, өртөг шингэсэн бүтээгдэхүүн боловсруулагдаж чадахгүй байгаа нь үнэн. Бид арьс шир, ноос ноолуурын борлуулалтыг сайжруулах чиглэлээр дараах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллалаа. Тухайлбал, арьс ширний боловсруулах үйлдвэрийг дотооддоо барьж байгуулан ашиглалтад оруулах хүртэл хугацаанд арьс ширийг түүхийгээр нь гадаадад гаргах боломжийг бүрдүүллээ. Мөн ноолуурын боловсруулалтын шатлалыг ахиулж угаасан бус самнасан ноолуур экспортлох зохицуулалтын арга хэмжээ авлаа. Засгийн газрын 2021 оны 42 дугаар тогтоолоор баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд  ноолуур бэлтгэлийн үйл ажиллагаанд 216.9 тэрбум, арьс шир бэлтгэлийн үйл ажиллагаанд 20.0 тэрбум, ноос бэлтгэлд 16.0 тэрбум төгрөгийн нэн хөнгөлөлттэй зээлийг  арилжааны банкаар дамжуулан олгосон бөгөөд Засгийн газраас нийт зээл, зээлийн хүүгийн хөнгөлөлтийг олгосон. Зээл, зээлийн хүүгийн зөрүү зэрэг татаас, урамшууллын бодлогоос гадна мал, махны экспортыг дэмжих бодлого баримтлан, зарим шийдвэрийг гаргаад байна.

Тухайлбал, Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний  өдрийн зөвлөмжөөр адуу, үхэр, хонь, ямааны түүхий мах, дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны махыг бодлогын гэрээний үндсэн дээр хязгаарлалтгүй экспортлохоор баталсан. Ингэснээр экспортлогч, импорлогч талын хооронд байгуулсан мал эмнэлгийн хорио цээрийн протокол болон импортлогчийн шаардлага хангасан тохиолдолд тэмээнийхээс бусад бүх төрлийн малын түүхий болон дулааны аргаар боловсруулсан махыг экспортлож, малыг эдийн засгийн эргэлтэд эрчимтэй оруулах боломжийг бүрдүүлсэн. Мөн Засгийн газрын 2017 оны 318 дугаар тогтоолоор үржлийн бус эр хонь, ямааны 10 хүртэл хувийг экспортлох ажлыг зохион байгуулж байна. Мал, махны экспортын улирлын ялгааг арилгаж, нийлүүлэлтийн тасралтгүй байдлыг хангах зорилгоор Засгийн газрын 2022 оны 424 дүгээр тогтоолоор мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрт эрүүл бүсүүдийг байгуулахаар шийдвэрлэн холбогдох анхан шатны арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд байна. Ингэснээр жил бүр 25-30 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулж бэлчээрийн ачааллыг бууруулан, малчид, аж ахуй эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэн, дотоодод ажлын байрыг шинээр бий болгох боломж бүрдэнэ” гэв.

SHARE