С.Жавхлан бүрэн эрхээсээ татгалзаж, П.Анужин УИХ-ын гишүүн болох уу?

С.САНАА

С.Жавхлан 2016 онд УИХ-ын сонгуулийн 54 дүгээр тойрогт бие дааж нэр дэвшээд эрхэм гишүүн болж байв. Төрийн ордонд ташуур атган орж ирж, чуулганы нээлтийг Бурхан Халдуны  орой дээр ганцаараа хийсэн гээд олон “сонирхолтой” шийдлүүд түүнээс гардаг. Тэр ч байтугай сүүлийн үед ажил хаялт зарлаад чуулганд суухгүй байгаа. Улмаар “…УИХ-ын гишүүнээс больдог ч юм билүү” гэж байгаа тухай эх сурвалж хэлж байна.

С.Жавхлан гишүүн угийн шийдэмгий. Тэрээр УИХ-ын гишүүний сэнтийтэй бусад шиг зууралдахгүй өгчихөж мэдэх эр. Тиймээс ч иймэрхүү үг унагаж эхэлсэн биз ээ. Эрхэм гишүүнээсээ болилоо гэхэд “Хамаг Монгол” төслөө үргэлжлүүлээд л явчихна. Энэ нь ч өөрт нь хамаагүй дээр сонголт байж мэднэ.

Хэрэвзээ С.Жавхлан гишүүн хэлснээрээ өргөдлөө өгвөл УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 14 хоногийн дотор хэлэлцэж, 30 хоногийн дотор сонгогдсон тойрогт нь нөхөн сонгууль явуулах хуулийн заалт бий.

С.Жавхланг ийн өргөдлөө өгвөл эрхэм гишүүд үг дуугүй чөлөөлөөд л явуулна. Энэ бол тов тодорхой юм. Харин  түүний оронд П.Анужин УИХ-д орж ирэх магадлал маш өндөр байгаа юм.

Учир нь П.Анужин 2016 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшиж 54 дүгээр тойргийн сонгогчдоос 6574 хүний санал буюу нийт сонгогчдын 24.80 хувийн саналыг авч хоёрт бичигдэж байсан юм.

Харин С.Жавхлан 11029 хүний буюу нийт сонгогчдын 41.61 хувийн саналаар эрхэм гишүн болж байсан түүхтэй. Тиймээс нөхөн сонгуульд П.Анужин нэр дэвшвэл илүү санал зулгаах магадлал өндөр.

П.Анужинд хамгийн дөхүү санал авсан нь АН-аас нэр дэвшсэн Д.Арвин. Тэрээр 4105 хүний буюу нийт сонгогчдын 15.49 хувийн саналыг авсан юм.

Ийн П.Анужин УИХ-ын гишүүн болбол МАН-ынхан УИХ-д 66-уулаа болно гэсэн үг.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE