Клопп: Хэн нь финалын өмнөх өдөр зүлэг сольдог байна аа!

Европын Аваргуудын лигийн финалын тоглолт өнөө шөнө Улаанбаатарын цагаар 03:00-д Францын нийслэл Парисын “Стад де Франс” стадионд эхэлнэ.

Финалд Испанийн “Реал Мадрид”-тай өрсөлдөх Английн “Ливерпүүл”-ийн ахлах дасгалжуулагч Юрген Клопп зүлгэнд санаагаа чилээсэн байна. Стадионы зүлгийг ердөө хоногийн өмнө сольж, шинэ зүлэг дэвссэн гэнэ.

“Талбайн зүлгийг сайн арчилсан байвал сайхан байдаг. Гэтэл энэ зүлгийг ердөө өчигдөр сольсон байх юм. Энэ сайн мэдээ биш шүү. Гэвч хоёр баг хоёулаа энэ зүлгэн дээр тоглох болохоор хоёулаа адил байдалд байна гэсэн үг.

Бид ердийн бэлтгэл хийлээ. Энэ зүлэг дээр бөмбөгийн ойлт хэвийн байна. Гэвч хоёр зүлгийг холбож оёсон нь харагдаж байна лээ. Энэ бол харин хэвийн зүйл биш шүү. Хэн нь финалаас хоногийн өмнө зүлэг сольё гэж боддог байна аа? Сонирхолтой юм шүү. Гэлээ гэхдээ миний санаа сэтгэл хямраагүй ээ. Петанкагийн зүлгэн дээр ч тоглоход бид бэлэн. Хоёр баг тоглож болж л байвал болоо.

Ингэж ярилаа гээд “Клопп зүлэг голж гомдоллов” гэсэн гарчигтай нийтлэл биччихгүй биз дээ. Би гомдоллоогүй. Зүгээр л зүлэг арай өөр байж болох байсныг л хэллээ” хэмээн Клопп өгүүлжээ.

Р.Гэгээ

SHARE