“Монгол” гэж хараасан Ферстаппен Формула 1-ийн 34 дэх аварга боллоо

Формула 1-ын сүүлчийн гарааны сүүлчийн тойрогт “Ред Булл”-ын нисэгч Макс Ферстаппен Дэлхийн долоон удаагийн аварга “Мерседес”-ийн Льюис Хэмилтоныг гүйцэж, түрүүлснээр аварга боллоо. Тэд сүүлчийн гарааны өмнө оноо адил байсан тул хэн барианд түрүүлж орсон нь аварга болох байлаа.

Макс Ферстаппенийг сайн нисэгч гэдгээс нь гадна нэгэн туршилтын уралдааны үеэр өмнүүр нь хөндөлсөж орсон өрсөлдөгчөө “Монгол” гэж харааснаар нь манайхан мэдэх болсон. Зарим улс оронд “Монгол” гэдэг хараал нь Дауны синдромтой гэсэн утгыг илэрхийлдэг юм. Үүнээс шалтгаалан Макс Ферстаппенийг уучлалт гуйхыг шаардсан. Гэлээ ч нидерланд нисэгч “Би хэн нэгнийг доромжлох гээгүй. Гэхдээ цаашид үг хэлээ мэдэж байх хэрэгтэйг ойлголоо” гэсэн юм.

Макс Ферстаппен бол нисэгчдийн гэр бүлд төрж өссөн хүүхэд. Аав Йос Ферстаппен Нидерландын түүхэн дэх хамгийн амжилттай Формула 1-ын нисэгч. Ээж нь Бельгийн авто уралдааны тамирчин. Максын өсвөр насанд аав ээж нь салж, ихэнх хугацаагаа аавтайгаа хамт өнгөрүүлсэн учир Нидерландын иргэншил авсан.

Түүнийг 16 настай байхад “Ред Булл” мэргэжлийн тамирчны гэрээ байгуулсан нь тухайн үедээ шуугиан тарьж, цаашид 18-аас дээш насны тамирчинтай л гэрээ байгуулна гэж дүрэмд өөрчлөлт оруулахад хүрч байлаа.

Макс Ферстаппен нь Формула 1-ийн Дэлхийн гурван удаагийн аварга Нельсон Пикегийн охин Келли Пикетэй найзалдаг ажээ.

Р.Гэгээ

SHARE