БНСУ-д вакцины нэмэлт тунг тарих хугацааг богиносгоно

БНСУ-д “COVID-19”-ийн вакцины хоёр тунд хамрагдсан насанд хүрэгчид гурван сарын дараа нэмэлт тунг тариулах боломжтой болно” гэж тус улсын Ерөнхий сайд Ким Бу Кюм өнөөдөр мэдэгджээ.

БНСУ-д өдөрт илэрсэн халдварын тохиолдлын тоо сүүлийн гурван өдөр дараалан 7000 давж, халдвар авсан хүнд өвчтөнүүдийн тоо урьд нь бүртгэгдэж байгаагүй өндөр үзүүлэлтэд хүрэх болоод байгаа юм.

“COVID-19”-ийн вакцины хоёр тунгийн үйлчлэл цаг хугацааны явцад суларч байгаа тул нэмэлт тун шаардлагатай болохыг холбогдох судалгаануудаар тогтоогоод байгаа юм. БНСУ-ын эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд өнгөрсөн сард 60-аас дээш насныхныг нэмэлт тунд хамруулах хугацааг зургаан сараас дөрвөн сар болгон бууруулж, 50-иас дээш насныханд таван сарын дараа гурав дахь тунд хамрагдахыг зөвлөж эхэлсэн юм.

Мөн Ким Бу Кюм өсвөр насны хүүхдүүдийг вакцинжуулах ажлыг түргэтгэхийг уриалаад, ирэх долоо хоногоос сурагчдыг сургууль дээр нь дархлаажуулах хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэдгийг мэдээлсэн байна. Солонгосын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, улсын хэмжээнд пүрэв гарагт “COVID-19” халдварын 7022 тохиолдол шинээр илэрснээр халдварын нийт тохиолдлын тоо 500 мянга давж, 503 606-д хүрчээ.

SHARE