Гарнетт: Ороо сөхөөд хартал мөнгө байхгүй, бөөн зээлийн бичиг байлаа

NBA-гийн Алдрын танхимд нэрээ мөнхөлсөн тоглогчдын нэг Кевин Гарнетт банкинд мөнгөө хадгалуулдаггүй, орон доогуураа хийчихдэг байсан тухайгаа Жимми Киммелийн шоу нэвтрүүлэгт уригдан оролцохдоо ярьжээ.

“Би Чикагод төрж, өссөн хүн. Мэдсэн сонссон юм багатайн дээр санхүүгийн мэдлэг боловсрол огт байхгүй. Мөнгөө банканд хадгалуулах, хуримтлал үүсгэх гэх мэт зүйлсийг мэдэх ч үгүй шахам. Цалинг маань чек дээр бичээд өгнө л дөө. Тэгмэгц нь би өнөөхийг чинь авч гараад шууд бэлэн мөнгө болгоод орон доогуураа хураачихдаг байлаа.

Тэр үед нэг бүсгүйтэй найзалдаг байсан юм. “Хэрвээ чи эндээс мөнгө авбал хэдийг авснаа тэмдэглээд зээлийн бичиг үлдээчихэж байгаарай” гэж түүнд хэлж билээ. Мөнгө миний орон доор байх тул би багцааг нь мэднэ. Нэг ёсондоо өөрийн гэсэн тооцоотой болчихсон байлаа. Ороо сөхөөд харахад л мөнгө багасчихсан байвал хэн сүүлд ирснийг нь санаад, хэргийн эзнийг олчихно.

Удалгүй би тэр бүсгүйгээс харилцаагаа тасалсан юм. “Тэгээд яах вэ, нөгөө ороо сөхөөд харлаа. Тэгсэн мөнгө байхгүй шахам хэр нь баахан зээлийн бичиг овоолоостой байж билээ. Тэр цагаас хойш л банканд мөнгөө хадгалуулах болсон доо” хэмээн Гарнетт инээмсэглэн өгүүлсэн байна.

Р.Гэгээ

SHARE