Нидерланд ДАШТ-ий 10 дахь эрхийг авч, плей-оффт өрсөлдөх 12 баг тодров

2022 оны Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн /ДАШТ/-д Европоос оролцох 13 багийн 10 нь тодорлоо.

Европын 55 улс 10 хэсэгт хуваагдан өрсөлдснөөс хэсэг бүрээ тэргүүлсэн 10 баг ДАШТ-ий эрхээ шууд гардах ёстой байсан. Өчигдөр Нидерландын шигшээ баг талбайдаа Норвегийг 2:0-ээр хожсноор хэсгээ магнайлж, 10 дахь эрхийг авлаа.

Ингэснээр Европоос Герман, Дани, Бельги, Франц, Испани, Серб, Хорват, Англи, Швейцарь, Нидерландын шигшээ баг ДАШТ-д оролцох эрхээ авлаа. Үүн дээр гурван баг мөн нэмэгдэх ёстой.

10 хэсгийн аман хүзүүнд бичигдсэн 10 баг болох Португал, Шотланд, Итали, ОХУ, Швед, Уэльс, Турк, Польш, Умард Македон, Украин болон Үндэстнүүдийн лигт амжилттай тоглосон Австри, Чехийн шигшээ баг нэмэгдэн нийтдээ 12 баг плей-оффт өрсөлдөх юм.

Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооноос ДАШТ-ий Европын бүсийн сонгон шалгаруулалтад плей-офф явуулахаар шийдсэн. Энэ журмын дагуу дээрх 12 баг чансаагаар хоёр сагсанд хуваагдсан.

1 сагс: Португал, Шотланд, Итали, ОХУ, Швед, Уэльс

2 сагс: Турк, Польш, Умард Македон, Украин, Австри, Чех гэж хуваагдсан.

Нэгдүгээр сагсны багууд хоёрдугаар сагсны багуудтай сугалаагаар таарч тоглоно. ОХУ-Украиныг улс төрийн шалтгааны улмаас тааруулахгүй. Сугалаа арваннэгдүгээр сарын 26-нд явагдана.

Шинэ журмын дагуу багууд хоорондоо нэг л удаа тоглож ялагчаа тодруулна. Ялагчаар тодорсон зургаан багийг дахин сугалж, мөн багууд хоорондоо нэг л удаа тоглож, ялагчаар тодорсон гурван баг ДАШТ-ий эрхээ авах юм. Эдгээр тоглолтууд 2022 оны гуравдугаар сарын 24 болон 29-нд болно.

Р.Гэгээ

SHARE