Англи, Швейцарь ДАШТ-ий эрхээ авч, Итали плей-оффт өрсөлдөхөөр боллоо

2022 оны ДАШТ-д Европ тивээс 13 баг оролцох ёстой. Одоогоор Герман, Дани, Бельги, Франц, Испани, Серб, Хорват, Англи, Швейцарь гэсэн есөн шигшээ баг эрхээ аваад байна.

Дөрвөн сарын өмнө Европын аваргын цомыг гардаж, баяр бахдалд умбаж байсан Италийн шигшээ баг ДАШТ-ий урьдчилсан хэсгээ тэргүүлж чадсангүй.

Италийн шигшээ урьдчилсан хэсгийн сүүлчийн тойрогт Умард Ирландыг талбайд нь аль болох олон гоолын зөрүүгээр хожих үүрэгтэй очсон. Тэгж байж л ДАШТ-ий эрхээ шууд хүртэх байлаа. Гэвч гоолгүй тэнцсэнээр тэдэнтэй ижил оноотой байсан Швейцарьт хэсгээсээ тэргүүн байраар шалгарч, ДАШТ-ий эрхээ авах боломжийг олголоо.

Швейцарийн шигшээ сүүлчийн тойрогт талбайдаа Болгарыг 4:0-ээр бут ниргэснээр Катарыг зорих эрхээ авлаа.

“Алтан бөмбөг”-т нэр нь яригдаад буй Италийн шигшээ багийн хагас хамгаалагч Жоржиньо өмнөх тойрогт Швейцарьтай тоглохдоо тоглолтын төгсгөлд пенальти алдснаар багаа ялалтад хүргэх боломжоо алдсан. Одоо Жоржиньогийн энэ алдаж цохисон пенальти болон ер нь шигшээгийнхээ төлөө сүүлийн гурван удаа пенальти цохихдоо гоол оруулж чадаагүй талаар хэвлэлүүд шуугиж эхлээд байна. Хэрвээ Жоржиньо тэрхүү пенальтиа гоол болгож чадсан бол өнөөдөр Итали ДАШТ-ий эрхээ авчихсан, бардам байх байлаа.

“Бид аль хэдийнэ хэсгээ тэргүүлэх болзлоо хангаад, ДАШТ-ий эрхээ авчих ёстой байсан. Гэвч өөрөө өөрсдөдөө төвөг удаж явна. Хоёр тоглолтын өмнө л асуудлыг шийдчих байсан юм. Сайхан боломжуудаа ашигласан бол өнөөдөр ингэж түгшихгүй байлаа. Гэвч бидэнд ДАШТ-д оролцох боломж бас байна” хэмээн Италийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Роберто Манчини ярьсан байна. Италийн шигшээ одоо ДАШТ-ий эрхийн төлөө плей-оффт тоглох болно.

Английн шигшээ Сан Мариногийн талбайд зочлон, тэнцэх юмуу хожиход ДАШТ-ий эрхээ авах ёстой байсан. Тэд үүргээ давуулан биелүүлж Сан Мариногийн хаалганд 10 гоол оруулснаар хэсгээ манлайллаа. Энэ тоглолтод “Тоттенхэм”-ийн довтлогч Харри Кейн покер хийснээр Европын бүсийн урьдчилсан хэсгийн шилдэг мэргэн буучдын жагсаалтыг тэргүүллээ.

Харин Английн дор бичигдэж, аман хүзүүдсэн Польшийн шигшээ баг сүүлчийн тойрогт талбайдаа Унгарт 1:2-оор хожигдсон ч плей-оффт өрсөлдөх эрхтэй боллоо.

ДАШТ-ий эрхийн төлөөх плей-оффын тоглолтууд 2022 оны гуравдугаар сард болно.

Р.Гэгээ

SHARE