Португал талбайдаа Сербид хожигдож, ДАШТ-ий эрхээ шууд авч чадсангүй

Яг жилийн дараагаар Катарт эхлэх хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан хэсгийн тоглолтууд явагдаж, тус тэмцээнд оролцох багууд эхнээсээ тодорсоор байна.

Европын бүсийн урьдчилсан А хэсгийг тэргүүлж явсан Португал өчигдөр талбайдаа Сербийг хүлээн авлаа. Тэд хожих юмуу тэнцэхэд ДАШТ-ий эрхээ шууд авах байв. Гэвч 1:1-ээр тэнцэж яваад тоглолтын төгсгөлд буюу 90 дэх минутад Александер Митрович хожлын гоолыг оруулснаар Сербийн шигшээд ДАШТ-ий эрхээ алдлаа. Энэ нь Потугалын шигшээ багийн хувьд сүүлийн 28 жилийн хугацаанд талбайдаа хожигдож буй хоёр дахь тохиолдол болжээ.

Португал – Серби 1:2

Гоол: Ренато Санчес 2, Тадич 33, Митрович 90

Португал: Руи Патрисио, Жоао Кансело, Рубен Диаш, Мендеш, Фонте, Моутиньо (Палинья 64), Данило Перейра (Андре Силва 90), Бернардо Силва (Бруно Фернандеш 64), Ренато Санчес (Рубен Невеш 84), Диого Жота (Жоао Феликс 83), Роналдо.

Серби: Райкович, Миленкович, Павлович, Велькович (Спайич 65), Лукич, Костич (Йович 89), Милинкович-Савич, Живкович (Радонич 69), Гудель (Митрович 46), Тадич, Влахович.

Шар хуудас: Жоао Кансело (8), Гудель (13), Моутиньо (61), Павлович (66), Ренато Санчес (67), Миленкович (70), Митрович (90).

В хэсэгт Испанийн шигшээ баг Шведтэй талбайдаа тоглож, Альваро Моратагийн 86 дахь минутад оруулсан гоолоор хэсгээ тэргүүлсэн байраа хадгалж үлдэж чадснаар ДАШТ-ий эрхээ авлаа. Испанийн шигшээ багийн олон чухал тоглогчид гэмтэлтэй байсан ч эд хожиж чадлаа.

Испани – Швед 1:0

Гоол:  Мората 86

Испани: Унаи Симон, Пау Торрес, Альба, Аспиликуэта, Лапорт, Бускетс, Солер (Мерино 73), Ольмо (Мендес 90), Гави (Родри 90), Сарабиа (Мората 59), де Томас (Родриго 60).

Швед: Ольсен, Линделоф, Аугустинссон, Нильссон, Крафт (Ольссон 85), Кулусевски (Квайсон 64), Экдаль, Форсберг (Сванберг 63), Ольссон, Классон, Исак (Ибрахимович 73).

Шар хуудас: Крафт (77), Мендес (90), Ибрахимович (90).

Н хэсэгт өмнөх ДАШТ-д аман хүзүүдсэн Хорватын шигшээ мөн талбайдаа ОХУ-ын шигшээг хүлээн авч, 1:0-ээр хожлоо. Хорватын шигшээ эхнээсээ санаачлагыг авч, олон дараалсан довтолгоо хийсэн ч гоол оруулж чадахгүй байв. Хоёрдугаар үед хүчтэй аадар бууж, талбай ус болсноор зүлгэн дээгүүр дамжуулалтууд өгөхөд хэцүү болсон. Гэлээ ч Оросын хамгаалагч Федор Кудряшов хаалганыхаа өмнө бөмбөг “цэвэрлэх” гэж байгаад өөртөө хийснээс Хорватад хожил мөн ДАШТ-ий эрх бэлэглэчихлээ.

Хорват – ОХУ 1:0

Гоол: Кудряшов 81-автогоол

Хорват: Грбич, Ловрен, Юранович (Брекало 75), Гвардиол, Соса, Брозович, Модрич, Перишич, Пашалич (Ливая 75), Влашич (Петкович 58), Крамарич (Станишич 86).

ОХУ:  Сафонов, Кудряшов, Жикия, Дивеев, Караваев, Фомин (Глебов 80), Баринов, Бакаев (Мостовой 78), Головин (Чистяков 57), Ионов (Зобнин 57), Смолов (Заболотный 57).

Шар хуудас: Головин (51), Смолов (55), Ливая (89), Грбич (90).

Харин Португал, Швед, ОХУ-ын шигшээ багууд ДАШТ-ий эрхийн төлөө нэмэлт тоглолт хийх болно.

Одоогоор Катарт болох ДАШТ-д оролцох есөн баг тодорхой боллоо. Эдгээр нь Герман, Дани, Бразил, Бельги, Франц, Хорват, Серби, Испани мөн тэмцээнийг зохион явуулах Катарын шигшээ баг юм.

Р.Гэгээ

SHARE