“Сэтгүүлч Батдорж сан”-гаас зарласан уралдааны шагналтнууд тодорлоо

Сэтгүүл зүйд мөрөө үлдээж, олон сайхан бүтээлээрээ олонд танигдсан сэтгүүлч Батдорж агсны нэрэмжит сангаас жил бүрийн гуравдугаар сарын 6-нд сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж байгаа их, дээд сургуулийн хоёр, гуравдугаар дамжааны оюутнуудын дунд эссэ бичлэгийн уралдаан зарладаг билээ.  Харин энэхүү уралдааныхаа шалгаруулалтыг Дэлхийн хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний өдөр тодруулдаг уламжлалтай. Өчигдөр энэ өдөр тохиож уралдааны ялагчдаа зарлаж, шагналыг нь гардуулсан юм.
Энэ жилийн хувьд “Сэтгүүлч Батдорж сан”-гаас “Цахим орчин дахь бидний араншин” сэдвийн дор эссэ бичлэгийн уралдаан зарласан. Уралдаан зарласнаас хойш буюу гуравдугаар сарын 6 өдрөөс 4 сарын 10 өдрийн хооронд тус сангийн цахим хаягаар нийтдээ 120 гаруй бүтээлүүдийг хүлээн авчээ.
Уралдаанд оролцохоор ирүүлсэн эссэ бичлэг бүрийг тус сангийн зүгээс шүүгч нараар уншуулж, уран чадварыг шалгуулж эхний шатны шалгаруулалтыг явуулсан байна. Харин 2 дахь шатны шалгаруулалтаар оюутнуудтай уулзаж, тухайн эссэг яагаад бичих болов гол санааны талаар ярилцсанаар эцсийн шалгаруулалтаа хийсэн ажээ.
“Сэтгүүлч Батдорж сан”-гийн нэрэмжит эссэ бичлэгийн дөрөв дэх удаагийн уралдааны тэргүүн байрт Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүл зүйн хоёрдугаар дамжааны оюутан н.Үенч шалгарч, ирэх жилийн сургалтын төлбөрөө төлүүлэх эрхийн бичгийн эзэн боллоо. Харин МУИС-ын сэтгүүл зүйн гуравдугаар дамжааны оюутан н.Маралмаа удаалсан юм. Харин тусгай байрын эздээр МУИС-ын сэтгүүл зүйн дамжааны оюутан н.Мөнхжин, МУБИС-ийн сэтгүүл зүйн дамжааны оюутан н.Янжмаа, МУИС-ын сэтгүүл зүйн гуравдугаар дамжааны оюутан н.Оргилмаа, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүл зүйн дамжааны оюутан н.Дэнсмаа нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал гардлаа.
Сэтгүүлч Батдорж сангийн тэргүүн Д.Мягмаржав “Энэ жилийн уралдааны онцлог нь сэдэв зааж өгсөн явдал байв. Тэр дундаа өнөөдөр Монголын сэтгүүл зүйд цахим орчин ба сэтгүүл зүй гэсэн томоохон зөрчилдөөн үүсээд байна. Үүнийг сэтгүүл зүйн чиглэлээр сурч байгаа оюутнууд хэрхэн анзаарч, ямар өнцгөөс шүүн тунгааж байна гэдгийг тандах зорилготойгоор уралдааны сэдвээ Цахим орчин дахь бидний араншин гэж нэрлэсэн юм. Сэтгүүлч хүний хувьд хувийн араншингаа нийгмийн сүлжээнд илэрхийлэх нь зохимжгүй. Харин цахим орчны элдэв араншинг өөрийнхөө бүтээлд зөв ашиглах хэрэгтэй. Барууны сэтгүүл зүйд ийм л өнцөг барьж байна. Энэ утгаараа энэ жилийн сэдвийг сонгож авсан” гэж хэллээ.
Эх сурвалж: http://niislel.mn
SHARE