АТГ-ын ажилтан, ЭХЭМҮТ-ийн эмч, ТҮК-ийн ажилтан нийт 32 хүнээс халдвар илэрчээ

Монгол Улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 32 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Тодруулбал, БГД-ийн 12 дугаар хорооны 19 дүгээр байрны нэг орцны 6 айлын 13 хүнээс илэрсэн байна. Тухайн орцонд өмнө нь халдвар авсан 2 иргэн байсан аж. Сүүлд илэрсэн 13 тохиолдол уг батлагдсан тохиолдлын 2 дугаар хавьтлаар тусгаарлагдаж байжээ. Эдгээр хүмүүсийн дунд ЭХЭМҮТ-ийн эмч байсан байна. Тиймээс өчигдрөөс тус төвд шинжилгээ хийж эхэлжээ. Нийт 900 гаруй өвчтөн, эмч ажилтнууд байснаас 600 гаруй шинжилгээний хариу гараад байна. Одоогоор халдвар илрээгүй байгаа аж. Тандалт шинжилгээ үргэлжилсээр байна.

Монос эмийн сангийн оффист засвар хийж байсан хүмүүсээс халдвар илэрсэн голомт мөн үргэлжилж шинээр 5 хүнээс халдвар бүртгэгджээ. Тэдний дунд өчигдөр Өргөө амаржих газраас тусгаарлагдсан эхийн ар гэрийн 5 хүн байгаа аж. Үүнээс үүдэж Өргөө амаржих газарт шинжилгээ хийж 357 хүнээс одоогоор халдвар илрээгүй байна.

БЗД-ийн ТҮК-ийн ажилтнуудын халдварын голомт үргэлжилж шинээр 6 хүнээс халдвар илэрчээ. 2 нь ТҮК-ийн ажилтан, 4 нь гэр бүлийн хүмүүс аж.

Үлдсэн хүмүүс нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байгаа бөгөөд тэдний дунд АТГ-ын нэг ажилтан байна гэлээ.

Ингэснээр Улаанбаатар хотод нийт халдвар 741, улсын хэмжээнд каластр өвчлөл 1967 болжээ. Өчигдөр 38 хүн эдгэрч дараагийн шатанд шилжсэн байна. Монгол Улсад нийт халдварын тоо 1568 болж байна.

Эх сурвалж: aguulga.mn

SHARE