Зар тавьж залилан хийсэн этгээдүүдийг барьжээ

Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн байгаатай холбогдуулан олон нийтийн сүлжээгээр гарч буй гэмт хэргийн зөрчлийг Эрүүгийн цагдаагийн алба шалган ажиллаж байгаа юм. Уг ажлын хүрээнд фэйсбүүк хуудсанд “Хөдөө орон нутгаас хотод ирээд гацагсад холбоо барина уу” гэх зарыг байршуулан иргэдийг залилан мэхэлж байсан 35 настай Б, 33 настай У нарыг Булган аймгийн цагдаагийн газартай хамтран илрүүлж, таслан зогсоожээ. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч, цагдаагийн ахмад М.Мөнхшүр “Тухайн этгээдүүд “Хөдөө орон нутгаас хотод ирээд гацагсад холбоо барина уу” зарыг байршуулж, нас барсны гэрчилгээ, буяны компанийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж иргэдийг залилан, иргэдээс тус бүр 250 мянган төгрөг авдаг гэдгийг урьдчилсан байдлаар мэдүүлж байна. Мөн тухайн этгээдүүдэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1, Эрүүгийн хуулийн 23.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. 35 настай иргэн Б нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст залилах гэмт хэргийн яллагдагчаар татагдаж, шалгагдаж байх хугацаандаа дахин гэмт хэрэг зөрчилд холбогдсон нөхцөл байдал тогтоогдсон тул Эрүүгийн цагдаагийн албанд шалгалтын ажил үргэлжилж байна” гэв. Иймд ард иргэд УОК болон Засгийн газраас гаргасан шийдвэрийг мөрдөж хэрэгжүүлэх, баталгаатай эх сурвалжийн мэдээ мэдээллийг авдаг байх, гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

SHARE