АЖИЛДАА ЯВАХ, ИРЭХЭЭС БУСАД ҮЕД 0 ЗОГСОЛТ ХИЙНЭ

Улсын онцгой комиссын даргын шуурхай хуралдаанаас гаргасан шийдвэрээр Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн болон явган хүний хөдөлгөөнд цагийн зохицуулалт хийсэн гэнэ. Энэ талаар Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор нарийн цагийн хуваарийн дагуу хөдөлгөөнд оролцох ёстой. Бидний тооцоолж байснаас илүү их тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаа учраас дахин нарийн зохицуулалтад оруулж байна. Бид хөл хорионы үед 17-18 мянган машин явна гэж тооцож байсан ч сүүлийн хоёр өдөр 40-50 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож, бэлэн байдалд шилжсэн дүрэм журмыг зөрчиж байна. Тиймээс илүү чангатгах, хөдөлгөөнийг хумих арга хэмжээг авч байна. Үйлчилгээний цагийг өглөөний 07.00-10.00 цаг болгож байна. Орой 17.00-20.00 цагийн хооронд болгон хатуу цагийн хуваарьт шилжүүлж байна. Бусад үед нь хөдөлгөөн 0 зогсолт хийнэ. Нийтийн тээвэр болон явган хүн ч хатуу цагийн хуваарьт орж, заасан цагт л хөдөлгөөнд оролцоно. Хотын хүн амын 90 хувийг нь хөл хорьж тодорхой үр дүнд хүрнэ гэсэн тооцоо байна. Тиймээс хатуу арга хэмжээ авч ажиллана. Иргэд ч мөн энэ арга хэмжээг зөвөөр ойлгож, дагаж мөрдөн гэрээсээ гарах хэрэггүй. Хэрвээ эмнэлэг, хүнсний дэлгүүр орох ёстой бол заасан цагт гарч, амжуулах хэрэгтэй” хэмээв.

SHARE