Б.Одсүрэнгээс хүүхдийнхээ ирээдүйг унш

“Метро девелопмент” группийн үүсгэн байгуулагч Бадарчийн Одсүрэн гэж уйгагүй нөхөр бий. Түүний бизнесийн түүх, амжилтад хүрсэн зам нь сонирхолтой. Ерөөс тэр шинийг сэдэгч, этгээд гэмээр шийдэлтэй хүн.

Бизнесийн олон салбарт хүч үзэж, одоо барилгын салбарын томоохон төлөөлөл болсон хэдий ч угийн зангаа тавина гэж үгүй.

Б.Одсүрэн боловсролын асуудлаар цахим орчинд байр сууриа идэвхтэй илэрхийлдэг. Боловсрол анхаарах болсон нь аавтай нь холбоотой гэдэг. Түүний аав боловсролын салбарт насаараа зүтгэсэн хүн байдаг. ШУИС-ийн захирлаар арваад жил ажиллласан, сүүлийн 15 жил ЮНЕСКО-д алба хашсан, боловсролын салбарын тэргүүлэх мэргэжилтнүүдийн нэг юм.

Б.Одсүрэн боловсролын талаар ярихдаа дээд боловсролын талаар бага ярьдаг. Учир нь баахан цаг хугацаа зарцуулж сураад төгссөний дараа нөгөө мэргэжил нь хоцрогдчихсон байдаг. Бид ийм л технологи маш хурдтай өөрчлөлт дунд амьдарч байгаа гэж үздэг.

Тиймээс ийм нөхцөлд боловсрол гэж юу вэ гэдгийг ойлгох нь чухал. Өөрөөр хэлбэл, боловсрол гэдэг зүйлийг зөв томьёолох шаардлагатай гэж хэлдэг.

Б.Одсүрэнгийн хувьд боловсрол бол үйл явц, процесс бөгөөд түүнийг байнга шинэчилж, тогтмол өөрчлөх ёстой.

Тэгэхээр энэ нь мэдлэгийг эзэмших чадвар юм. Хүнд нийгмийн, сэтгэл хөдлөлийн, дээд эрин үеийн чадварууд гэж бий. Эдгээрээс хамгийн чухал анхаарлаа төвлөрүүлэх, бусадтай харилцах чадвар хүүхдийн 2-3 насанд суудаг. Энэ суурь чадварууд дээр уураа барих тэвчээртэй байх, сэтгэл хөдлөлөө хянах, хэт их баярлахгүй байх зэрэг чадвар бас нэмэгдэнэ. Ерөөс энэ бүх чадварыг хүүхдийн бага насанд нь суулгах ёстой.

Ер нь бол хүүхдийг зөв, өрсөлдөх чадвартай хүн болгохын тулд чадваруудыг суулгах нь өөрөө жинхэнэ боловсролын процесс юм. Б.Одсүрэн үүнийг л боловсрол гэж томьёолдог. Эдгээр олон чадвар, чадамжийг суулгасан хүн хэдэн ч мэргэжил, мэдлэг, хаана ч ямар ч нөхцөлд амьдрах чадвартай хүн болно гэдгийг тэр олж харжээ.

Нөгөө талаас Б.Одсүрэнгийн энэ “онол” төрөхөд хүүхдүүд нь нөлөөлсөн. Тэрээр хүүхдүүддээ ямар боловсрол, мэдлэг эзэмшүүлэх вэ гэдэгт санаа зовдог учраас юм уншиж судалдаг. Ингэж судалсаар байгаад ном бичих хэмжээний материал цуглуулчихсан байна.

Дээрх сэдвээр өгүүлсэн Б.Одсүрэнгийн ном бэлэн болсон байна. Номын нэр нь “Насан туршдаа суралцахуй: Хүүхдийн ирээдүй”. Непко компанид хэвлэж байгаа юм байна. Б.Одсүрэн номынхоо талаар “Ирээдүй шинэ технологийн дэвшил, инновацийн нээлтээр дүүрэн байх нь гарцаагүй. Таахын аргагүй тэрхүү өөрчлөлт бидний төсөөлж буйгаас ч хурдтай өрнөх нь. Ердөө 10-хан жилийн дараа л гэхэд ажлын байр, амьдралын хэв маяг танигдахын аргагүй болж өөрчлөгдөнө. Эцэг эх та энэхүү өөрчлөлтөд хүүхдээ бэлдэж чадаж байна уу? Судалгааны эмхэтгэл болсон энэхүү номонд ирээдүй өнөөдрийнхөөс хэрхэн өөрчлөгдөх талаар, ямар ажил мэргэжил эзэмшвэл зохистой, технологийн эрин зуунд ажлын байр, хүний ур чадвар ямар байх ёстой” гэж байна. Тэгэхээр эрхэм та ч хүүхдийнхээ ирээдүйг “Насан туршдаа суралцахуй: Хүүхдийн ирээдүй” номоос хараарай.

SHARE