Хуульчдын холбоо хувийн нууцад халдаж эхэллээ

Монголын хуульчдын холбоо тун хачирхалтай хяналт шалгалтыг өмгөөллийн нөхөрлөлүүдэд хийж эхэлжээ.
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулийн хэрэгжилтийг хангах нэрийн дор Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн алба, ХЗДХЯ, Терроризмтэй тэмцэх зөвлөлийн төлөөллийг бүрэлдэхүүнтэй хамруулсан гэх уг шалгалтын ажлын хэсэг Монгол Улсын иргэний эрхэнд ноцтойгоор халдах гэж байна. Тухайлбал, шалгалтын удирдамжид “…Бүхий л баримт материалд үзлэг хийх, шаардлагатай тохиолдолд баримт материалын хуулбарыг гаргуулах” гэж хүртэл бичсэн байна. Ингэж хувийн нууц мэдээллүүдтэй танилцаж, хуулбарлаж авснаа “…Ажлын хэсгийн гишүүд төрийн болон албаны нууц, байгууллага, хувь хүний нууцыг задруулахгүй байх баталгааг баталгааны хуудсаар албажуулж Ажлын албанд гаргасан байна” гэчихсэн байгаа юм. Нууцын баталгааг ямар байгууллага, яах зорилгоор, хэнд гаргах вэ гэх зэрэг хуультай бөгөөд төрийн бус байгууллагад ийм эрх хэмжээ байдаг эсэх нь эргэлзээтэй.
Хэрвээ үүнийг уншиж буй та хууль зүйн туслалцаа авахаар аль нэгэн өмгөөллийн нөхөрлөлд хандаж, хувийн нууц болох бичиг баримттайгаа танилцуулахаар өгсөн бол Монголын хуульчдын холбоо гэдэг төрийн бус байгууллагынхан түүнтэй танилцаж, шаардлагатай бол хуулбарлаж авахаар болсон байна. Энэ бол иргэний эрхэд, хувийн нууцад ноцтойгоор халдаж буй явдал юм.
Гэхдээ өмгөөллийн нөхөрлөлүүдэд үйлчлүүлэгчийнхээ нууцыг хадгалах хуулиар олгогдсон эрх байдаг. Өмгөөллийн тухай хуулийн 14.1.4-т “…Өмгөөллийн нууц, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх явцад олж мэдсэн төрийн болон албаны, байгууллагын, хувь хүний нууцыг задруулахгүй байх”, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 26.1.5-т “…Хуульчийн мэргэжлийн үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн мэдээллийг хууль бусаар задруулахгүй байх”, 26.1.6-д заасан “…Иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлын эсрэг аливаа хууль бус үйлдэл хийхгүй байх” гэж заажээ. Тиймээс өмгөөллийн нөхөрлөлүүд дээрх хуулийн зүйл заалтуудыг мөрдөхгүйгээр үйлчлүүлэгчийнхээ мэдээллийг ийм байдлаар гаргаж өгвөл хуульч, өмгөөлөгчийн үүргээ зөрчсөн хэрэг болно.

 

Эх сурвалж: news1mn

SHARE